“Юнигаз” ХХК О.Магнай даргын үгэнд оров уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

ШӨХТГ-аас “Юнигаз” ХХК-ийг  үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн байна гэж үзэж, зөрчлөө 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор арилгаж, авто газын жижиглэнгийн үнийг урьдын хэмжээнд болгон бууруулах тухай албан шаардлагыг хүргүүлсэн юм. Түүнчлэн өнөөдөр  6 дугаар сарын 11-ний өдөр. “Юнигаз” ХХК дээрх албан шаардлагыг биелүүлэх ёстой хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Тэгвэл тус компани шаардлагыг биелүүлж байгаа аж.

Сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Юнигаз” ХХК-иас автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг болсонтой холбогдуулан жижиглэн худалдаалах авто газын үнийг нэмэгдүүлэх хүсэлтээ ирүүлсэн юм. 

 Тус агентлагаас энэ асуудлыг Уул уурхайн яам, холбогдох бусад газруудтай хамтран Засгийн газарт тавьж, уг бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг шуурхай хөөцөлдөн гаргуулснаар авто газын жижиглэнгийн үнэ нэмэгдэх үндэслэлгүй болсон юм.

 Гэтэл Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 148 тоот тогтоолын дагуу “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн үнийг 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урьдын хэмжээнд болгон бууруулаагүй байгаа бөгөөд энэ талаар хэрэглэгчдээс тус агентлагт хандан гомдол ихээр ирүүлэх болжээ.

Шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу “Юнигаз” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газруудад тавих хүртэл захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээ авах болохыг мэдэгдээд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top