Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 10 сая ам.доллар худалдан авах, 20.7 сая ам.доллар худалдах, 42 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин төв банк 8 сая ам.долларыг 1433.22 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авсан байна. Өнгөрсөн долоо хоногийн дуудлага худалдаануудаар арилжааны банкууд ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк арилжаанд оролцоогүй ба ханш ч суларч эхэлсэн. Долоо хоногийн сүүлээр ам.долларын арилжааны ханш 1434 төгрөг, юаний арилжааны ханш 234.50 төгрөг хүртэл тус тус буурсан байлаа.
За харин олон улсын нөхцөл байдлын хувьд долоо хоногийн эхэнд АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын “ISM” индекс хүлээгдэж байснаас муу гарсан нь зах зээлийн уур амьсгалыг өөрчилж, ам.долларын бусад валютуудын эсрэг ханш суларч эхэлсэн. Харин Европын холбооны үйлдвэрлэлийн салбарын индексүүд эерэг үр дүнг үзүүлсэн байна.Долоо хоногийн дундуур мөн АНУ-ын хөдөлмөрийн салбарын тоон мэдээнүүд сул гарч байсан ба Баасан гаригт гарах хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий мэдээ муу гарна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байлаа. Холбооны нөөцийн банк бонд худалдан авалтаа зогсоож магадгүй гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэж, иен болон Швецарь франкын ханш чангарах шалтгаан болж байв.
АНУ-ын ажлын байрны тоо 5-р сард 175,000-аар нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан нь хүлээгдэж байснаас өндөр байсан бөгөөд үүнтэй холбогдуулан Холбооны нөөцийн банкны зарим удирдлагууд бонд худалдан авалтыг зогсоох хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийсэн нь ам.долларын ханш чангарах шалтгаан боллоо. Ам.долларын иений эсрэг ханш энэ өдөр 0.5 хувиар чангарсан ч долоо хоногийн нийт дүнгээр 3.1 хувиар суларсан нь 2009 оны 7-р сараас хойшхи нэг долоо хоногийн хамгийн том уналт болжээ. Еврогийн ам.долларын эсрэг ханш Пүрэв гаригт сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрээд байсан ч энэ өдөр эргээд суларч, 1.3218 дээр хаагдсан байна.
Европын холбооны төв банкны тэргүүн Марио Драги мөнгөний тэлэх бодлого эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн нь еврогийн ханш ийнхүү сулрахад нөлөөлсөн хэмээн шинжээчдийг үзэхэд хүргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )