Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийг худалдах ханш 7035 ам.доллар байна. Ер нь өнгөрөгч долоо хоногт зэсийн үнэнд эдийн засгийн суурь мэдээллүүдээс илүүтэйгээр Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын талаар хөрөнгө оруулагчдын хүлээлт хүчтэй нөлөөлсөн байгаа. Долоо хоногийн эхний өдрүүдэд зэсийн үнэ бага зэрэг өсөлттэй арилжаалагдаж байсан бөгөөд даваа гарагт АНУ-ын үйлдвэрлэлийн салбар 5 дугаар сард захиалгын хэмжээ бага байснаас шалтгаалан сүүлийн 6 сард анх удаа буурсан мэдээ гарсан нь ам.долларын ханшийг сулруулснаар ам.доллароор үнэлэгдэж, арилжаалагддаг түүхий эдүүдийн үнэнд эерэгээр нөлөөлсөн. Мөн тус улсын эдийн засгийн мэдээ сул гарснаар Холбооны нөөцийн банкнаас мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн хөрөнгө оруулагчид үзсэн байна.
Өсөлтийн хэмжээ харьцангуй бага байснаас гадна арилжааны хэмжээ, хөрөнгө оруулагчдын идэвхи мөн сул байсан бөгөөд арилжаанд оролцогчид Баасан гаригт гарах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээг хүлээн, томоохон арилжаанаас зайлсхийж байлаа. Учир нь дээрх мэдээ нь тус улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч төв банк болох Холбооны нөөцийн банкны цаашдын бодлогод хамгийн их нөлөөллийг үзүүлэх юм. Долоо хоногийн дундуур зэсийн гол хэрэглэгч болох Хятад улсын үйлчилгээний салбарын 5 дугаар сарын мэдээ өсөлттэй гарсан ба өсөлтийн хэмжээ нь 4 дүгээр сарын түвшинтэй ойролцоо байсан байна. Пүрэв гаригаас эхлэн зэсийн үнэ эргэн унаж эхэлсэн бөгөөд энэ өдөр Холбооны нөөцийн банкны Даллас муж дахь салбарын тэргүүн Ричард Фишер мөнгөний нийлүүлэлтийг тэлэх хөтөлбөрөө татах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн нь зах зээлд сөргөөр нөлөөлсөн байна. Долоо хоногийн сүүлийн өдөр хөрөнгө оруулагчдын хүлээж байсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ эерэг гарсан ба үүний үр дүнд Холбооны нөөцийн банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ зогсоож магадгүй гэсэн айдас зах зээлд бий болж зэсийн үнэ бууралттай хаагдсан. Түүнчлэн гол металлуудын үнэнд сөргөөр нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь ам.долларын бусад валютуудын эсрэг чангаралт байсныг шинжээчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )