Арилжаанд оролцогчдыг эргэлзэхэд хүргэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Дэлхийн зах зээл дээр унци алтны ханш 1,375.40 ам.доллар байна. Ерөнхийдөө шар металлын ханш уналттай байгаа юм. Долоо хоногийн эхний өдрүүдэд томоохон хөдөлгөөнүүд бий болоогүйг хөрөнгө оруулагчид Европын холбооны төв банкны хурал болон АНУ-ын ажлын байрны мэдээг хүлээсэнтэй холбон тайлбарлаж байсан юм. Даваа гарагт АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын тоон мэдээ хүлээгдэж байсан үр дүнгээс сулхан гарсан нь ам.долларын ханш бусад валютын эсрэг сулрах шалтгаан болж шар металлын ханш өслөө. Мягмар гарагт шар металлын ханш эргэж суларсан бөгөөд биет алтны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улс алтны импортоо хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлэх талаар мэдээлсэнтэй холбоотой. Долоо хоногийн дундуур шар металлын ханш тогтвортой байсан бөгөөд хөрөнгө оруулагчдын үзсэнээр сар бүрийн эхний долоо хоногийн сүүлийн өдөр гардаг АНУ-ын ажилгүйдлийн түвшин эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг учраас томоохон хөдөлгөөнийг урьтаж хийж болохгүй гэсэн юм. Лхагва гарагт Нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбарын ажлын байрны мэдээнээс үүдэлтэй ам.доллар бусад валютын эсрэг суларсан нь шар металлын ханшийг бага зэрэг өсгөж өгсөн байна. Долоо хоногийн сүүлийн өдөр алтны үнэ 2 % -иар буурсан үзүүлэлтийг харуулсан нь сүүлийн 3-н долоо хоногийн нэг өдрийн хамгийн том уналт байлаа. Шинжээчид энэхүү бууралтыг Нэгдсэн улсын 5-р сарын шинэ ажлын байрны тоо хүлээгдэж байснаас өндөр гарч, Холбооны нөөцийн банкны бонд худалдан авалтын хөтөлбөр зогсох магадлал өндөр болсонтой холбон тайлбарлаж байсан. Хэдийгээр ажлын байрны тоо нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин мөн өмнөх сараас өссөн нь анхаарал татаж байсан ба арилжаанд оролцогчдыг эргэлзэхэд хүргэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top