Италид эерэг, Францад онцын өөрчлөлтгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Нэгдсэн түрүүлэгч индикаторыг 1970-аад онд анх боловсруулсан бөгөөд, тэр цагаас хойш эдийн засагчид, бизнесменүүд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргачдад богино хугацааны эдийн засгийн мэдээллийг өгөх, тухайн эдийн засгийн үйл ажиллагаа урт хугацааны чиг хандлагатай нь харьцуулахад хаана, ямар чиглэлтэй байгааг урьдчилан таамаглах зорилгоор байнга гаргадаг болсон байна. Сарын давтамжтай гаргадаг энэ үзүүлэлтийг өнөөдрийн байдлаар ЭЗХАХБ-ын 33 гишүүн орнууд болон гишүүн бус Хятад, Энэтхэг, Бразил, ОХУ, Индонези, ӨАБНУ гэсэн  6 орны хувьд тооцож байна.

Хамгийн сүүлийн, 4 дүгээр сарын мэдээллээр тооцож, 6 дугаар сард нийтэлсэн НТИ-ын таамаглалаар АНУ, Японд эдийн засаг эргээд сэргэж байгаа нь бататгагдсан бол бусад орнуудад өсөлт хангалтгүй байна. Еврогийн бүсэд ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт урт хугацааны чиг хандлага руу гаа эргэсэн, Итали эерэг өсөлт рүү орсон, харин Франц онцын өөрчлөлтгүй дүр зураг харагдаж байна. Их Британи, Канад, Хятад, Бразилийн өсөлт урт хугацааны чиг хандлагынхаа ойролцоо, харин Энэтхэг, ОХУ-уудын өсөлт чиг хандлагаасаа доогуур байна.

   Сонирхуулахад АНУ-ын НТИ-ын бүрэлдэхүүнд Шинээр эхэлсэн орон сууцны барилгын ажил, Удаан эдэлгээтэй барааны захиалга, NYSE-н үнэ, Хэрэглэгчийн мэдрэмжийн индекс, 7 хоногийн аж үйлдвэрийн салбарын ажилласан цаг, Менежерийн худалдан авах индекс, Хадгаламж болон зээлийн хүүний зөрүү гэсэн үзүүлэлтүүд багтдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top