28 хүний амь нас хохирсон тухай мэдээ ханш өсгөв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 6,972.50 ам.доллар байна. Ерөнхийдөө улаан металлын ханш 7 мянган ам.доллараас уруудаж, ханш тааруухан байгаа юм. Сүүлийн долоо хоногийн тухайд авч үзвэл Хятад улсын эдийн засгийн мэдээ таагүй гарснаар долоо хоногийн эхний өдрүүдэд зэсийн үнэ уналттай арилжаалагдсан байгаа. Тус улсын импортын хэмжээ 5 дугаар сард таамаглаж байснаас эсрэг үр дүн буюу уналттай гарсан ба экспортын хэмжээ сүүлийн жил орчмын хугацаан дахь хамгийн бага өсөлттэй гарсан байна. Дээрх таагүй мэдээнээс үүдэн сөрөг хандлагатай болоод байсан зах зээл дээр дэлхийн томоохон төв банкуудаас хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлогоо зогсоож магадгүй гэсэн яриа дэгдсэн нь үнийн уналтыг улам бүр эрчимжүүлж, зэсийн үнэ сүүлийн 6 долоо хоногийн хамгийн доод түвшиндээ хүртэл буурсан.

Харин долоо хоногийн дунд үед үнэ бага зэрэг сэргэсэн ба үүнд 28 хүний амь нас хохирсон томоохон ослын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа дэлхийн 2 дахь том уурхайн үйл ажиллагаа эргэн эхлэх хугацаа нь хойшлогдож болзошгүй байгаагаас үүдэн тус компани бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч үнийн өсөлт дараагийн өдөр үргэлжилж чадаагүй. Хэдийгээр пүрэв гарагт гарсан АНУ-ын эдийн засгийн мэдээ харьцангуй эерэг үр дүнг үзүүлсэн ч энэ нь зэсийн үнэнд сөргөөр нөлөөлсөн байна. Тус улсын жижиглэн худалдааны салбар 5 дугаар сард 0.6 хувиар өссөн нь 4 дүгээр сарын 0.1 хувийн өсөлтөөс харьцангуй сайн үзүүлэлт болсоноос гадна ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 5 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч буурсан үзүүлэлттэй гарсан.

Ийм  мэдээний үр дүнд АНУ-ын хувьцааны зах зээл өсч, түүнийг даган газрын тосны үнэ өсөлттэй хаагдсан боловч Холбооны нөөцийн банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрөө зогсоож магадгүй гэсэн айдсаас үүдэн гол металлуудын үнэ бууралттай хаагджээ. Долоо хоногийн сүүлийн өдөр Хятад улсын худалдан авалт бага зэрэг сэргэсний үр дүнд зэсийн үнэ тогтворжиж хаагдсан боловч долоо хоногийн турш 2 хувийн бууралтыг хийн 2 дахь долоо хоногтоо дарааллан буурч, нэг тонн нь 7,085 ам.доллар дээр хаагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top