Зэсийн ханш өөдлөхгүй нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш  6,685.50 ам.доллар байна. Ер нь бол зэсийн ханш тааруухан байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Холбооны нөөцийн банкны бодлогын хурлаас гарах шийдвэрийг хүлээн, хөрөнгө оруулагчид эрсдэл авахаас зайлсхийж байсны улмаас долоо хоногийн эхний өдрөөс зэсийн үнэ буурч арилжаалагдсан. Зах зээлийн энэхүү эмзэг нөхцөл байдал дээр гол хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн мэдээнүүд таагүй үр дүнтэй гарч байсан нь үнийн бууралтыг эрчимжүүлж байлаа. Долоо хоногийн дундуур БНХАУ-ын  орон сууцны үнэ 5 дугаар сард өмнөх сараасаа буурсан мэдээ гарсан нь хөрөнгө оруулагчдын тус улсын эдийн засагт итгэх итгэлийг улам бүр сулруулсан байна. Лхагва гарагт хөрөнгө оруулагчдын хүлээж байсан Холбооны нөөцийн банкны бодлогын хурал өндөрлөж тус банкны тэргүүн Бэн Бернанке хэрвээ тус улсын эдийн засаг хүссэн хэмжээгээр өссөн хэвээр байвал оны сүүл рүү Бонд худалдан авах хэмжээгээ бууруулж, 2014 оны дунд үе гэхэд бүрэн зогсоох болно хэмээн мэдэгдсэнээр зэс болон бусад бүх төрлийн эрсдэлтэй активуудын үнэ буурч, ам.долларын ханш чангарсан үр дүнг үзүүлсэн. Энэхүү мэдэгдлийн нөлөөлөл долоо хоногийн сүүлийн өдрүүдэд ч мөн үргэлжилсэн. Түүнчлэн Пүрэв гарагт Хятад улсын үйлдвэрлэлийн салбар 6 дугаар сард сүүлийн 9 сарын доод түвшиндээ хүртэл буурсан сөрөг мэдээ гарснаар зэсийн үнэ сүүлийн 20 сарын доод түвшиндээ хүртэл буурсан. Харин долоо хоногийн сүүлийн өдөр үнийн уналт харьцангуй тогтворжиж бага зэрэг өсөлттэй хаагдсан бөгөөд энэ өдөр зах зээлд нөлөөлөхүйц эерэг мэдээлэл гараагүй ба үнэ тогтворжсон шалтгаан нь суурь хүчин зүйл бус огцом уналтын дараах тогтворжилт болж байна. Гэсэн хэдий ч зэсийн үнэ долоо хоногийн сүүлээр 6,818 ам.доллар дээр хаагдсанаар 3 дахь долоо хоногтоо дарааллан буурч, өнгөрөгч долоо хоногийн бууралтын хэмжээ нь 4 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top