Дэлхийн зах зээл дээрх алтны ханш уруудсан байдалтай байна. Унц алт 1,238.70 ам.доллар байгааг Bloomberg дамжуулж байна. Ер нь өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд алтны ханш тогтвортой байсан. Холбооны нөөцийн банкны хурлыг хүлээсэн байдалтай байсан нь шар металлын ханшинд нөлөөлж байв. Хурлын үеэр олон чухал асуудлыг авч хэлэлцсэн ба хамгийн гол асуудал нь одоогийн хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг цаашид хэрхэх тухай байсан юм. Энэ талаар Холбооны нөөцийн банкны тэргүүн Бэн Бернанке мэдэгдэл хийсэн бөгөөд “ одоогийн нөхцөл байдалд 2014 оны эхний хагас хүртэл бид мөнгөний бодлогыг өөрчлөх боломжгүй ба эдийн засаг өсөлттэй байвал харин сар бүр худалдан авч буй бондын хэмжээг бууруулах боломжтой” гэсэн юм. Энэхүү мэдээний дараачаас шар металлын ханш 2011 оны 9-р сараас хойшхи хамгийн том уналт буюу 7 хувиар буурч нэг унц нь 1,269 ам.долларт хүрсэн байна. Долоо хоногийн сүүлийн өдөр шар металлын ханш сэргэж бага зэргийн өсөлтийг харуулсан бөгөөд энэхүү өсөлтийг шижээчид тайлбарлахдаа хямд үнийн улмаас бодит эрэлт бий болж худалдан авалт эрчимжсэнтэй холбоотой гэжээ. Цаашид алтны ханшийн үнэ тогтворжиж бага зэргийн өсөлтийг харуулах магадлалтай хэмээн шинжээчид үзээд байна.
Сэтгэгдэл ( 0 )