Дэлхийн зах зээл дээр брент маркийн 1 баррель түүхий тосны үнэ 102.17 ам.доллар байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдийн тухайд тосны ханш өсөлттэй байсан. Сири улс дахь улс төрийн тогтворгүй байдал улам даамжирсан нь түүхий нефтийн нийлүүлэлтэнд цаашид сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлт нэмэгдсэн нь өсөлтөд дагуулж байв. Нью Йоркийн бирж дээр Лайт төрлийн түүхий нефть сүүлийн 9 сарын оргил түвшин болох 97.75 ам.долларт хүрсэн бол Брент төрлийн түүхий нефть 105.59 ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн ханшийн өсөлтөнд хөрөнгийн зах зээлийн өсөлт эерэг нөлөө үзүүлсэн төдийгүй Герман улсын хэрэглэгчдийн итгэлцлийн индекс өссөн зэрэг нь нөлөөлсөн байна. Улмаар долоо хоногийн дундаас эхлэн түүхий нефтийн ханш буурч эхэлсэн. Энэ нь дэлхийн тэргүүлэгч эдийн засаг гэгдэх АНУ-ын төвбанк хатуу мөнгөний бодлогыг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт зах зээлд урьд урьдынхаас илүү нэмэгдэж байсантай холбоотой. Түүнчлэн Лайт түүхий нефтийг 93.80 ам.долларт, Брент түүхий нефтийг 100.78 ам.долларт тус тус буурч хаагдахад нөлөөлсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )