АНУ-ын Эрчим хүчний яамнаас манайхыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд /ТЗУГ-2, ЦТГ-3, ЦЦХГ-7/, БХЯ-ны ЗХЖШ-2, ЦЕГ-3, ТЕГ-1, ОБЕГ-1, ДЦ-ийн 05-р анги-5, 805-р анги-1, 809-р анги-1, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс-1, Замын цагдаагийн газар-2, ХСҮТ-2, МУИС-ийн ЦСТ-1 зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа. Семинарыг АНУ-аас Сандиагийн үндэсний лабораторийн мэргэжилтэн Паул Жастис, Монголын талаас ЦЭГ-ын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр нар зохион байгуулсан.

Семинарт АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан Сандиагийн туршлагатай мэргэжилтнүүд Стивен К Хилл, Чарлз Хедрик нар илтгэл тавьж, дадлагын ажлыг явуулсан байна. Мөн Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын улсын байцаагч Т.Байгаль “Цацрагийн тухай үндсэн ойлголт”, Изотоп конторын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр “Цацраг идэвхт үүсгүүрийн хэрэглээ”, Изотоп конторын ажилтан П.Болдсайхан “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Сургалтын явцад Хавдар судлалын үндэсний төв дээр очиж баг болон хуваагдаж “Зорилтот хавтас”-ны мэдээллийг цуглуулах дадлагын ажил хийжээ.

Семинарын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны мэргэжилтэн Рэнди Хауэл Монголын оролцогч байгууллагуудыг цацраг илрүүлэх багажаар Дэлхийн аюулыг бууруулах санаачлагын хүрээнд Цөмийн энергийн газартай хамтарч хэрэгжүүлж буй “Цацрагийн байгууламжийн биет хамгааллыг сайжруулах” төслийн шугамаар хангах боломжтойг мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top