МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн Засгийн Онолын тэнхим Дани Улсын Аархусын Их Сургуулийн Экономиксийн багш, доктор Т.Норовсамбуу, Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхмийн багш,доктор Д.Лхагвасүрэн нартай хамтран“ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ II ФОРУМ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ хурлын гол зорилго нь Эдийн засгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэх, судалгааны арга зүйгээс суралцах; Монголд болон хилийн чанадад ажилладаг эдийн засагчдын сүлжээ бий болгох; Олон улсын шилдэг эдийн засагч, судлаачдыг Монголд авчирч, монгол судлаачид болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгох; Судлаач эдийн засагчид, бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа аж.
Хуралд АНУ-ын шилдэг их дээд сургуулиудын профессор, олон улсын судалгааны байгууллагын судлаач, эдийн засгийн эрдэм шинжилгээний өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд дэд редактор зэрэг албан тушаал хашдаг нэр хүндтэй эдийн засагчид урилгаар ирж илтгэл тавих юм байна.
Зочин илтгэгч Йонсан Чанг нь АНУ-ын Рочестерийн Их Сургуулийн экономиксийн тэнхмийн дэд профессор, Ричмондын төв банкны зөвлөх, Journal of Monetary Economics сэтгүүлийн дэд редактор, American EconomicJournal– Macroeconomics сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Солонгосын Эдийн Засгийн Тойм сэтгүүлийн дэд редактор, Солонгосын төв банкны Эдийн Засгийн Шинжилгээ сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүний албан тушаал хашдаг бөгөөд дэлхийн эдийн засагчдын дунд зэрэглэлээрээ шилдэг 5 хувьд багтдаг туршлагатай судлаач юм.
Зочин илтгэгч Нажи Можан нь АНУ-ын Луйзиана Мужийн Улсын Их Сургуулийн экономиксийн тэнхмийн эрхлэгч, АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Хороо (NBER) –ны судлаачаар ажилладаг бөгөөд мөн дэлхийн эдийн засагчдын дунд зэрэглэлээрээ шилдэг 5 хувьд багтдаг судлаач болно.
Зочин илтгэгч Шломо Вэбэр нь АНУ-ын Өмнөд Методист Их Сургуулийн Роберт Ч болон Нанси Дэдман сангийн нэрэмжит профессор, Глобал Хөгжлийн Сүлжээ (GDN)-ний удирдах зөвлөлийн гишүүн, Journal of Public Economic Theory сэтгүүлийн дэд редактор, Research in Economics сэтгүүлийн дэд редактор, ОУВС-гийн зөвлөх багийн гишүүн зэрэг албан тушаал хашдаг олон улсын хэмжээнд нэр хүндтэй эдийн засагч юм.
Форумд АНУ, Дани, Канад, Солонгос, Турк, Япон болон Монгол зэрэг улсуудын шилдэг их дээд сургуулиуд, судалгааны төвүүдийн эдийн засагч, судлаачид Ажил Эрхлэлт ба Цалин, Тодорхой Бус Байдал ба Хөрөнгийн Үнэ, Хэрэглээний Экономикс, Эдийн Засгийн Онол гэсэн 4 бүлэг сэдвээр илтгэл тавина.
“ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ II ФОРУМ” нь Монгол улс дахь эдийн засгийн судалгааг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Энэхүү хурлын ерөнхий ивээн тэтгэгч MCS групп, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/, Corporate Зочид Буудал болон дэмжиж ажилласан Монголбанк, мэдээллийн түнш “Монголын Эдийн Засгийн Сэтгүүл” юм байна.
Сэтгэгдэл ( 0 )