УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг УИХ-ын хуралдаан дээр сонслоо.
Д.Ганхуяг сайдын танилцуулгад дурдагдсанаар, “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, инфляцийг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн хэдий ч эдгээр татварын хөнгөлөлтийг бүрэн үзүүлсний дараагаар өөр зохицуулалт хийх хэрэгсэлгүй болж, улмаар гадаад үнийн огцом өсөлт дотоодын хэрэглээнд шууд нөлөөлөх нөхцөл бүрдсэн. Энэ нь богино хугацаанд татварын зохицуулалтаас гадна санхүүгийн илүү оновчтой арга хэрэгслээр дамжуулан үнийн огцом өсөлтийн нөлөөллийг эдийн засагт аажим шингээх, инфляцийн дарамтыг бууруулах шаардлагыг болгож байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Уул уурхайн яам Монголбанктай хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах /SIFS/ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн яам уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын ирүүлсэн саналыг судлан үзээд, импортын хэмжээ, хот болон хөдөөгийн ШТС-ын тоо, бөөний болон жижиглэнгийн худалдааны хувь хэмжээг харьцуулсны үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг тодорхойлж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн. 2012 оны байдлаар нийт 12 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 11 компанитай нийт 94.0 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2е6 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэсэн.Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн. Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдаг. 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас авдаг, нийт импортын 22 хувийг эзэлдэг, төлбөрт нь улсын валютын орлогын 15 хувийг зарцуулдаг зэргээс харахад шатахуунаас ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, С.Бямбацогт гишүүн асуултдаа, газрын тосны бүтээгдэхүүн дээр татвар тогтоохдоо бөөний үнэн дээр татвар тогтоосон. Энэ нь зөвхөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой гэж байна. Бөөний үнэн дээр татвартай болчихоор бөөнөөсөө олдог ашигаа жижиглэнгийнхээ үнэ рүү шингээснээр жижиглэнгийн үнэ дээр буюу жирийн хэрэглэгч дээр дарамт ирэх юм биш үү. Иймд үүн дээр үр дүн хир гарч байна, зөв зохистой бодлого болж чадсан гэж үзэж байна уу. Мөн өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад өнөөдөр нефть бүтээгдэхүүний үнэ буурсан уу өссөн үү, эсвэл ижил түвшинд байна уу. Тодорхой тоогоор хариулж өгнө үү гэсэн юм.
Д.Ганхуяг сайд хариултдаа, жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд зориулж татвар тодорхой түвшинд багасч нөгөө талаас Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгч байгаа учраас жижиглэн дээр өрсөлдөөн их бий болж байна. Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байна гэж хэлэх байна. Өнгөрсөн зургаан сард Орос нефтээс нийлүүлж байгаа бензиний үнэ газрын түүхий тосноос газрын тосны бүтээгдэхүүнийх нь үнийг тооцсоноор гурван төрөл дээр 150-260 ам.доллараар бууруулж чадсан. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлээс хамааралгүй манайд нийлүүлж байсан шатахуун нь өндөр байна гэдэг асуудлыг тавьснаар тэгшитгэлээр боддог аргачлалд санал нэгдэж шийдвэрлэгдсэн гэлээ.
Өнөөдрийн байдлаар бензин колонкууд дээр АИ-92 бензин 1650 төгрөгөөр борлогдож байна гэлээ.
Уул уурхайн сайдад асуулга тавьсан Д.Гарамгайбаатар гишүүн үг хэлсэн. Тэрээр, Засгийн газраас Монголбанктай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа гэдгийг ойлгож байгаа цаашид ч үр дүнгээ өгөх байх. Мөн Уул уурхайн яам олон ажлууд хийж хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ шийдлээ хүлээсэн олон асуудлууд энэ яаманд байгаа. Хамгийн гол нь үр дүн чухал. Асуулгын хариу хугацаа алдаж хийгдсэн. Үүнд цаашид яам анхаарлаа хандуулахыг хүсье гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )