Олон улсын валютын захын өнгө төрхийг шинжээчид хэрхэн харж байгааг сонирхъё. БНХАУ-ын талаарх таагүй мэдээллүүд долоо хоногийн дундуур иен, Швейцарь франк зэрэг эрсдэл багатай валютуудын эрэлтийг нэмэгдүүлж байсан ч ам.долларын ханш чангарна гэсэн хүлээлт зах зээлд илүү давамгайлж байлаа. Долоо хоногийн сүүлийн өдөр Холбооны нөөцийн банкны тэргүүлэгчдийн нэг “Jeremy Stein” тус банкны 9-р сард хуралдах хурлаар бонд худалдан авалтыг бууруулах шийдвэр гаргах тохиромжтой үе байх болно гэсэн мэдэгдэл хийсэн нь ам.долларын голлох валютуудын эсрэг ханш чангарч хаагдах гол шалтгаан байлаа.
Герман улсын эдийн засгийн ерөнхий төлвийг харуулдаг ”IFO” индекс хүлээгдэж байснаас сайн гарсан нь долоо хоногийн эхээр еврогийн ханш бага зэрэг чангарах шалтгаан болсон бол Хятад улсын эдийн засгийн тоон мэдээнүүд сул гарсаар байгаагийн дээр томоохон байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж байгаа нь Австраль долларын ам.долларын эсрэг ханш сүүлийн 33 сарын доод түвшинд хүртэл буурахад нөлөөлж байлаа.
Баасан гараг энэ оны эхний хагасын сүүлийн арилжааны өдөр гэдгээрээ онцлог байсан бөгөөд оны эхнээс иений ам.долларын эсрэг ханш 14.42 хувь, Австрали долларын ам.долларын эсрэг ханш 12.04 хувиар тус тус буурсан нь голлох валютууд дундаас хамгийн их хэлбэлзэлтэй нь байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )