Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 6979.50 ам.доллар байна. Харин нөөцийн хэмжээ нь 659 200 тонн гэсэн мэдээ байна. Ер нь өнгөрөгч долоо хоногт зэсийн үнэ хэлбэлзэл хөдөлгөөн ихтэй байсан. Тус металлын гол хэрэглэгч Хятад улсын санхүүгийн зах зээлд богино хугацаат эх үүсвэрийн хүү огцом өссөн мэдээлэл гарснаар зэсийн үнэ долоо хоногийг томоохон уналтаар эхлүүлсэн юм. Тэрхүү уналтанд ам.долларын ханшийн чангаралт болон Индонезийн Грасберг уурхайн үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэсэн тухай мэдээлэл нөлөөлсөн.Улмаар үнийн уналт 3 жилийн доод түвшиндээ хүрсэн байгаа. Гэхдээ Хятад улсын төв банкны зүгээс зах зээлийн хүүгийн түвшинг зохистой түвшинд хүртэл удирдах бөгөөд энэхүү хүүгийн түвшин нь улирлын шинж чанартай үзэгдэл байсан тул богино хугацаанд буурна хэмээн мэдэгдсэнээр, хөрөнгө оруулагчдын айдас намжиж зэсийн үнэ эргэн өссөн юм. Мөн АНУ-ын орон сууцны борлуулалтын хэмжээ 5 дугаар сард өссөн мэдээ гарсан нь зэсийн үнэд эерэг нөлөөллийг дагуулсан. Гэхдээ эл металлын ханш өнгөрөгч 2 дугаар улиралд нийт 10 гаруй хувиар унаснаар арваннэгэн оны 3 дугаар улирлаас хойш хамгийн муу үзүүлэлт гэж тэмдэглэгдэхэд хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )