Манай сайт МИАТ-ийн асуудалтай холбоотой сэдвүүдийг цувралаар хөндсөнийг эрхэм уншигч та мэдэж байгаа биз ээ. Ер нь улсад болоод иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг хэн гэгч этгээд үйлдэв, түүний ард хэн байна вэ гэхчлэн асуудлыг харахаас гадна учруулсан хохирлоо эргүүлэн төлж барагдуулж байна уу гэдэг асуудалд анхаарах ёстой юм. МИАТ-ийн хэргийн тухайд нэр бүхий зургаан хүнийг “Дайны эрсдэл”-ийн даатгал нэрээр түрий барин 6.8 сая ам.долларыг нааш цааш нь шилжүүлэн, завшсан гэж буруутгасан. Энэ мөнгийг ял сонссон этгээдүүд хувь тэнцүүлсэн хэмжээгээр төлж барагдуулна гэж байгаа. Одоогоор МИАТ-ийн хэрэгтнүүд давж заалдаагүй байгаа юм. Хэрэв тэд давж заалдвал шат шатны шүүхийн шийдвэр гарсны араас ШШГЕГ-ынхан төлбөрийг нь барагдуулах ажлыг гүйцэтгэнэ. Тэд ажлаа хэрхэн хийж байгаад ч хэвлэлийнхэн анхаарч таарна.
Ер нь том ар талтай нөхдүүд хэрэг үйлддэг. Тэрийг нь төр аргалаад өнгөрдөг жишиг манайд байхгүй биш байгаа. Ямартаа л 2008-2009 онд Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсны дараа эдгээр банкны хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгний зардал гарган хохирлыг барагдуулсан байгаа юм. Энэ нь хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ болж харагдавч, эдийн засагт нэрмээс болсныг тухайн үед ДНБ өмнөх оныхоос 1,6%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4%-д хүрч байснаас харж болно. Дампуурсан банкуудын зарим эрхмүүд ял сонсоод явсан ч, хэргийн гадна үлдсэн эрхмүүд бий гэдгийг ч умартаж болохгүй. Гол нь улс дахиад л хохирол үзэж байгаа юм.
Түүнчлэн бид энэ долоо хоногт ийм агуулгатай сэдвийг хөндөж байна. Тодруулбал, мянга мянган хүнийг хохироосон Хадгаламж зээлийн хоршоодын өр төлбөр барагдуулах үйл явц ямар байдалтай явж ирснийг цувралаар хүргэх гэж байна. Ингээд ярихаар мөнөөх л улсын нуруун дээр буусан их ачааны тухай ярих хэрэгтэй болно. Харин тэр талаар хөндөхөөсөө өмнө Хадгаламж зээлийн хоршоодын өр төлбөр барагдуулах ажлыг гүйцэтгэгч ШШГЕГ-ын үйл ажиллагаанд хуудуу бий гэдгийг бас харах хэрэгтэй юм.
2006 онд 26 Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, улс 100 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь хураасан гэх мэдээлэл бий. Тухайн үеийн эрх баригч намын нөхдүүдийн эрх ашгийн дагуу ч хоршоодыг дампууруулсан гэх байр суурь байдгийг хэлэхэд гэмгүй болов уу.
Тэгсэн ч ХЗХ-д дампуурсан нь үнэн. Иргэд хохирсон нь үнэн билээ. Тиймээс хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой.Гэтэл өр төлбөр барагдуулах үйл ажиллагааг явуулдаг ШШГЕГ-ын албан тушаалтнууд ХЗХ-ын өр барагдуулах ажлыг саатааж ирсэн талаарх мэдээллүүд бий. Тухайлбал, Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан 150 гаруй автомашины 48 нь замаасаа алга болж, улсын өмч болсон гэсэн нэрээр бүртгэгдэн үлдсэн бол, бусад 100 орчим автомашины эд анги, мотор, өнгө нь хүртэл солигдож, хэнд ч хэрэггүй төмрийн сэг болоод 7 жилийн нүүрийг үзэж байгаа талаар хохирогчид болоод хариуцлага хүлээгч талуудын зүгээс хэлж ярьж байгаа юм.
Түүнчлэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг тус газрынхны зохиомол дуудлага худалдаагаар үнэгүйдүүлэн, зах зээлийн ханшаас хэт доогуур зарж борлуулсан хөрөнгө ч цөөнгүй гэж байгаа. Тухайлбал, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ- ны нэр дээрх Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах, 2008 онд үнэлгээний комиссоор 150-200 сая төгрөгөөр үнэлэгдсэн 831 метр квадрат газрыг 12 удаагийн хуурамч дуудлага худалдааг зохион байгуулж, үнэгүйдүүлэн 85 сая төгрөгөөр худалдсан талаар ч мэдээлэл бий. Мөн тус хоршооны нэр дээрх П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн замын урд байрлах, 15х18 метрийн хэмжээтэй дутуу баригдсан барилгыг газрын хамт 87 сая төгрөг буюу одоогийн хоёр өрөө байрны үнээр зарсан байдаг.
Түүгээр зогсохгүй дампуурсан хоршоодын нэг болох “Глоб кредит” хоршооны 68 айлын орон сууц, 24 машины гарааш зэрэг хөрөнгийг хохирогчдын хохирол барагдуулах жагсаалтад бүртгээгүй өнгөрсөн зэрэг үйлдлийг ШШГЕГ-ын үйл ажиллагаатай холбон харахаас аргагүй. Ямартаа л ХЗХ-ны хохирогчид Ерөнхий сайд Н.Алтанхуягт ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд ХЗХ-дын эздийн хөрөнгийг үнэгүйдүүлж, далд хэлбэрээр завшиж байна гэсэн утгатай өргөх бичиг барьж, Улсын мөрдөн байцаах газраас нэр бүхий албан тушаалтнуудыг мөрдөн байцааж, хохирогчдын хөрөнгийг шамшигдуулж байсныг илрүүлсэн байдаг. Тэдгээр нь ШШГЕГ-ын Дотоод хяналтын албаны мэргэжилтэн Р.Энхтайван, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Батсүх, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхбат, Д.Оюунсүрэн, Р.Энхтуяа, Г.Батмөнх нар байсан юм. Эдгээр эрхмүүд үгсэн хуйвалдаж дээр өгүүлсэн “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ болоод “Глоб кредит” хоршооны хөрөнгөтэй холбоотой хууль бус зүйлсийг хийсэн байдаг. Мөн тэд Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт байрлах 24 автомашины гараж, 68 айлын орон сууцны дөрвөн давхар барилгын метр квадратын үнийг гурав дахин бууруулж, өөрсдийн ах, дүү, хамаатан садандаа худалдсаныг хуулийн байгууллага тогтоосон байгаа. Ер нь асуудал зөвхөн үүгээр дуусахгүй гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан.
Тэгвэл ШШГЕГ-ын зүгээс ХЗХ-ын өр барагдуулалтын талаар ямар мэдээлэл өгч байгааг анхаарч үзье.
29,2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө хүлээн авчээ
Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны мэдээллээс үзэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичигт “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хууль болон бусад хууль эрх зүйн актуудын хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж ирсэн байна. “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7731 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.8 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгө олгох ажил 99.2 %-тай байна гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн тус алба нь шүүхийн шийтгэх тогтоол түүний хавсралтанд заасан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд битүүмжлэгдсэн 29,2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 69.380 ширхэг эд хөрөнгө буюу нийт хохирлын дүнгийн 40 хувьтай тэнцэх хөрөнгө хүлээн авчээ.
Цагдаагийн байгууллагас хүлээн авсан 29.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дээрх эд хөрөнгөнөөс хувьцаат компаний 7.3 тэрбум төгрөгийн, шүүхээс чөлөөлсөн 1.8 тэрбум төгрөгийн, бусдад барьцаатай 194.6 сая төгрөгийн, эрхийн маргаантай 123.2 сая төгрөгийн, нийт 9.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй буюу хүлээн авсан хөрөнгийн үнийн дүнгийн 32.2 хувьтай тэнцэх үнэ бүхий хөрөнгийг шууд худалдан борлуулах боломжгүй болсон байна. Мөн тус алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж нийт 19,9 тэрбум төгрөгийг барагдуулснаас 15,3 тэрбум төгрөгийг төрд төвлөрүүлж, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон мөнгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт 42,4 %-тай, төрд эргэн төвлөрүүлэх мөнгөний үлдэгдэл 20,8 тэрбум төгрөг, худалдан борлогдоогүй 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 24 үл хөдлөх хөрөнгө, 2.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 17,195 ширхэг хөдлөх хөрөнгө, нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн үлдэгдэлтэй байна гэж байгаа юм.
Үлдэгдэл эд хөрөнгө нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн, тухайн эд хөрөнгийн хэв загвар нь хуучирсан, анх битүүмжилсэн буюу хураан авснаас хойш 4-5 жил өнгөрсөн, өнөөгийн зах зээлийн ханшаар борлогдохгүй байх зэрэг хүндрэл үүсч ирсэн аж.
За ямартай ч ШШГЕГ-аас худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч /хохирогч/ нарт санал болгох 4 сарын хугацаатай ажиллагааг зохион байгуулсан ч, үр дүнг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн тодорхой болгоогүй байгаа юм. Заасан хугацаанд хохирогчид саналаа өгөөгүй бол эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахаас татгалзсанд тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.8 –д …худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно гэж мэдэгдсэн байдаг. Харин төлбөр авагч авахаас татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана гэсэн заалтаар эцэслэн шийдвэрлэнэ гэсэн байгаа юм.
Тэгвэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 26 хадгаламж зээлийн хоршоодын нэг нь “Глоб кредит” ХЗХ юм. Тус хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж буйгаа өнгөрсөн жилүүдэд олонтаа илэрхийлж ирсэн. Тэрээр ХЗХ-ны гэх хэргийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Маргаан үүссэн нэг ч гэрээ, надад гомдсон нэг ч өргөдөл шүүхэд ч, цагдаад ч очоогүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж намайг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорьж хоршоог төдийгүй түүний хамгийн том зээлдэгч болох “Глоб” группийн бүх үйл ажиллагааг хомроголон зогсоогоод, зохиосон зүйл анги нь нотлогдохгүй болмогц миний бизнесийн зарим үйл ажиллагааг “залилан” болгон зүйлчилж хүчээр бий болгосон хамгийн олон хохирогч, хохиролтой нь ХЗХ-ны гэх үйлдэл юм гэсэн байдаг.
Гэсэн ч 1200 гаруй хохирогчийн асуудалтай холбоотой тус хоршоонд холбогдох хохирол барагдуулах үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд явагдаж ирсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор “Глоб кредит” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяраас 11,729,818,476 төгрөг, М.Цэцэгмаагаас 97,989,662 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий 1233 хохирогч нарт олгох, 14453 ширхэг 4,453,020,624 төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж хохирогч нарын төлбөрт тооцохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 14647 ширхэг 4,474,570,561 төгрөгийн эд хөрөнгөөс 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сар хүртэлх хугацаанд хүлээн авахаас 3,493,439,000 төгрөгийн үнэлгээтэй 23 үл хөдлөх эд хөрөнгө, 769,048,344 төгрөгийн үнэлгээтэй 9038 ширхэг хөдлөх нийт 4,262,487,344 төгрөгийн үнэлгээтэй 9061 ширхэг эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, 327,725,570 төгрөгийн үнэлгээтэй 5593 ширхэг эд хөрөнгийг давхардуулж бичсэн, хадгалалтанд авсан хүн үрэгдүүлсэн гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй аж.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 675,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 объектийг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдах хөрөнгөөс чөлөөлжээ.
Иргэний хаиуцагчаар тогтоогдсон 6 төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулсан тул 189,985,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, 1,869,760,340 төгрөгийн 13 үл хөдлөх эд хөрөнгийг 8777 ширхэг 338,807,660 төгрөгийн дагалдах хөрөнгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ба 248 ширхэг 33,280,300 төгрөгийн хөдлөх эд хөрөнгүүдийг дэлгүүрийн журмаар худалдан борлуулж нийт 2,573,376,560 төгрөгийг төвлөрүүлжээ. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл:
2008 онд 451,564,700
2009 онд 257,325,800
2010 онд 1,845,773,560
2012 онд 18,712,500 төгрөг байна.
Худалдан борлогдоогүй 68,104,000 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нь хөрөнгийн маргааны улмаас худалдан борлогдоогүй, 272 ширхэг 372,508,100 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх хөрөнгийн үлдэгдэлтэй байв. ШШГЕГ-ын мэдээллээр бол эдгээр хөдлөх эд хөрөнгүүд нь анхнаасаа одоогийн зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдсэн, хийц загвар нь хоцрогдсон, зориулалтаар нь ашиглах боломжгүй зэрэг байдлаас шалтгаалан худалдан борлогдохгүй, хүндрэлтэй байдал үүссэн юм байна. Тэгсэн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 39 дүгээр зүйлийн 39,8-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод санал болгосон байгаа юм. Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалттай холбоотой ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх нэгтгэсэн мэдээлэл тус газарт байхгүй байгаа бололтой.
Хадгаламж зээлийн хоршоодын өр төлбөрийг хэрхэн барагдуулж байгаа талаар үргэлжлүүлэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
TA NAR YAMAR NUUREEREE IIM YUM GARGAJ BAINA AA: IH HURLIIN SONGUULIIN 100 SAY TOGROGIIN URALDAANAA DUGNEECHEE: JIL ONGORCH BAIHAD TA NAR HOJSON HUMUUSIIN MONGIIG OGOHGUI BAIJ; YUN SHUDARGA YOS GEED HUZAAD BAINA AA: LUIVARCHINGUUDAA-
Би Баян-Өндөр сан ХЗХ-ны хохирогч. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ямар их хөрөнгийг нь шамшигдуулсныг хохирогчид харсаар юу ч хийж чадаагүй. Авлигатай тэмцэх газар тэдгээр луйварчдыг барьж шийтгэх цаг нь болсон. Баян-Өндөр бидний хохиролыг өгөх хангалттай хөрөнгөтэй байсныг бид бүгд мэдэж байгаа. Төр хувийн өмч хөрөнгөд яаж халддагын жишээ энэ жинхэнэ утгаараа болсон.
тэр үед төрийн эрх барьж байсан МАН иргэдийг луйвардсан Хадгаламж эзэмшигч нэг ч хүн шүүхэд өргөдөл гомдол гаргаагүй байхад л ХЗХ-ны эзнийг нь шоронд хорьсон Энгийн хадгаламж эзэмшигчдэд ямар ч тайлбар хийгээгүй Ингээд бүх зүйл МАН-ын гараар орсон Энэ маш ноцтой иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг болсон МАН-ын хуучин гарууд мэдээж иргэдийн өмчийг үнэгүйдүүлэх улмаар гартаа авах арга замаа сайн мэддэг хийсэн байсан
тэр үед төрийн эрх барьж байсан МАН иргэдийг луйвардсан Хадгаламж эзэмшигч нэг ч хүн шүүхэд өргөдөл гомдол гаргаагүй байхад л ХЗХ-ны эзнийг нь шоронд хорьсон Энгийн хадгаламж эзэмшигчдэд ямар ч тайлбар хийгээгүй Ингээд бүх зүйл МАН-ын гараар орсон Энэ маш ноцтой иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг болсон МАН-ын хуучин гарууд мэдээж иргэдийн мөчийг үнэгүйдүүлэх улмаар гартаа авах арга замаа сайн мэддэг хийсэн байсан