Төсвийн гүйцэтгэл батлагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Улсын Их Хурлын хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталлаа. Сангийн яам Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн, холбогдох дүгнэлтийг гаргуулан төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын төсвийн 2012 оны төсвийн орлого, зарлагыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2013 оны 6 дугаар сарын 15-ны єдрийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-ын тогтоолын төслийг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар товч:

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан.

Улсын төсвийн нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй тус тус гарсан. 2012 онд улсын төсөвт төвлөрүүлэх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 658.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 523.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 20.6 хувиар буюу 135.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 113.3 тэрбум тус тус буурсан үзүүлэлттэй гарсан. Манай улсын уул уурхайн голлох нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 7900 ам.доллар, нүүрсний зах зээлийн үнэ дундажаар 66-135 ам.доллар болж буурсан нь голлох нөлөөлөл үзүүлсэн.

2012 оны санхүүгийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,208.4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 1,119.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тухай хуулийн 43.1.2 болон 43.4 дахь заалтын дагуу төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санхүүжүүлэхээр хуульчилсаны дагуу  2013 оны 1 дүгээр улиралд 182.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь 2012 оны  гүйцэтгэлд тусгагдсан. Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 271.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашигласан ба гадаад зээлийн үндсэн төлбөрт 117.1 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,935.5  тэрбум төгрөг болж  ДНБ-ний 21.1 хувьтай тэнцэж байна. 

Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд 449.5  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөгдөж, гүйцэтгэлээр 440.9 тэрбум төгрөг төвлөрч 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжил сангийн зардлын гүйцэтгэл 840.7 тэрбум төгрөг болж орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулсан эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

Засгийн газрын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар товч:

2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 1266 төсөвт байгууллага, 93 төсөл сан, 127 төрийн өмчит үйлдвэрийн газар, 164 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж нийт 450 орчим байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн байна.

2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн зарим үзүүлэлтийг дурдвал:

-           Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,6 их наяд төгрөг байсан бол 2012 оны тайлангаар 3,5 их наяд төгрөг болж нэгтгэлд хамрагдсан байгууллагуудын мөнгөн хөрөнгө 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн,

-           Засгийн газрын хөрөнгийн цэвэр дүн 5,8 их наяд төгрөг байсан бол 2012 оны жилийн эцэст 6,7 их наяд төгрөг болж өнгөрсөн оныхоос 735,3 тэрбум төгрөгөөр өссөн,

-           Бараа материал 1,1 их наяд төгрөг болж өмнөх оноос 343,1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top