Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд дарга Б.Даажамбаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, зохицуулалтын байгууллагуудад газар дээрх үзлэг хийжээ. Орон нутаг дахь төрийн албан хаагчид болон Хорооны зохицуулалтын хүрээний тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын удирдлага, ажилтнуудад Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Даатгалын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл хийсэн байна. Ингээд аймаг тус бүрт ажилласан байдлын мэдээллийг хүргэе.
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, даатгалын компани, банк бус санхүүгийн байгууллага, хөдөө аж ахуйн брокер, хувьцаат компани, төрийн өмчит хувьцаат компани, хадгаламж зээлийн хоршооны нийт 25 хуулийн этгээдийн 29 төлөөлөлтэй уулзаж холбогдох хуулиудын талаар мэдээлэл хүргэж санал солилцсон юм. Уулзалтанд оролцогчид Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуультай холбоотой асуулгуудыг ихээр тавьж байлаа.
Мөн уулзалтын үеэр тус аймаг дахь Хорооны орон нутаг дахь төлөөлөгч, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүд гарч байгаатай холбоотойгоор тэдгээрийг ард иргэдэд тэр дундаа орон нутгийн иргэдэд таниулах, мэдээлэх үйл ажиллагаа чухал байгааг онцолсон юм.
Орхон аймаг
Орхон аймагт төрийн албан хаагчид болон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 26 компанийн 31 төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр оролцогчид брокер, дилерийн компанийн үйл ажиллагаа болон Жолоочийн даатгалын хуультай холбоотой асуултууд тавьж, холбогдох ажилтнуудаас хариулт авч байлаа. Мөн хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийх, санал солилцох энэ төрлийн уулзалтыг тогтмол хийж байх нь үр дүнтэй байгаа талаар дурьдаж байлаа.
Түүнчлэн Хорооны орон тооны төлөөлөгчийг орон нутагт ажиллуулах нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ихээхэн хэрэгтэй байгааг уулзалтад оролцогчид онцолсон юм.
Булган аймаг
Ажлын хэсэг Булган аймагт ажиллаж даатгалын компани, төрийн өмчит хувьцаат компани, төрийн албан хаагчдын нийт 25 төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Орон нутгийн хувьд жолооны үнэмлэхгүй машин барьдаг малчид болон мотоцикл эзэмшигчидтэй холбоотой асуудал их байдгийг уулзалтанд оролцогч даатгалын компанийн төлөөллүүд хэлж байлаа.
Мөн Булганчууд орон нутаг, аймгаас бонд гаргах боломжийн талаар сонирхож байлаа.
Хөвсгөл аймаг
Хөвсгөл аймагт брокер дилерийн компани, даатгалын компани, хувьцаат компани, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны нийт 19 хуулийн этгээдийн 22 төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус аймгийн хувьд мөн л Жолоочийн даатгалын хуультай холбоотой асуултуудыг ихээр тавьж байсан юм.
Хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллах явцад дараах түгээмэл асуудлуудад цаашид анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1. Хорооны орон нутаг дахь төлөөлөгчдийг санхүүгийн улсын байцаагчийн эрхээр хангаж ажиллуулах
2. Иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, энэ талаар дунд хугацааны тусгайлсан хөтөлбөр боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх
3. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль болон Жолоочийн даатгалын хуулийн талаар иргэд, байгууллагууд илүү их сонирхож байгаа тул цаашид энэ талаар орон нутагт уулзалт ярилцлага, сурталчилгаа ахицтай хийх
4. ТТҮМТГТХ-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа орон нутагт бүрэн хүрч чадахгүй байгаа учир хуулийг сурталчлах, таниулах ажлыг идэвхжүүлэх, орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагатай нягт хамтран ажиллах зэргээр арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэгдэл ( 0 )