Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дараахь байдлаар хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гарган ихээхэн хэмжээний татварын төлбөр, хүү, торгуульд орох, татварын эрсдэлтэй тулгарах байдлыг үүсгэж байна. Тэдгээр нь:
1. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах
2. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх
3. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
4. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
5. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн худалдан авалтанд төлсөн татвараа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр тайлагнан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
6. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
7. Бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж их хэмжээний хасалт хийх
8. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасах зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна.
Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм.
Иймд татвар төлөгч та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлж, НӨАТ-ын падааныг борлуулалт хийсэн тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид заавал бичиж өгөх, цахим тайлангийн системд оруулахдаа татвар төлөгч тус бүрээр салган харуулж, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй татвар төлөгчид хамаарах борлуулалтын орлогыг дүнгээр нь эцсийн хэрэглэгчээр бүртгэх, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж, тайлагнаж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Татварын эрх зүйн орчин татаварын бодлого зөв байх ёстой Мөн ҮТЕГ-ын дарга ажилтнуудын боловсрол ур чадварыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм Одоогийн ҮТЕГ-ын зарим дарга нар яаж хахууль авах ве энэ хүнийг ажилд авчихвал надад ямар ашигтай ве хэмээн бодоцгоодог тул ийм эрсдлийг хуримтлуулсан байна Иймд ҮТЕГ-ын ажилтнуудыг дүүрэгт хуваарилах эсвэл халах АТГ-аар шалгуулах ёстойг харуулж байгааг ухаантай хүн бүр ярьцгааж байгаа шүү дээ