Хятад улсын муу зээлийн хэмжээ өнгөрсөн 6 улирлын турш нэмэгдэж 86 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь нийт зээлийн 0.96 хувь юм байна. Өнгөрсөн 3-р сард БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кекуанг орон сууцны үнийн өсөлт, орон нутгийн засаг захиргааны өрийн хэмжээ зэргийг бууруулах үүднээс банкны салбараас гадуурх албан бус, далд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явдлыг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн юм. Энэ нь зээлээс зээлийн хооронд оршин тогтнож буй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хүндрэл учруулж муу зээлийн хэмжээг улам нэмэгдүүлж байна. 2013 оны 6 сарын 20-ны өдөр БНХАУ-ын банк хоорондын зээлийн хүү түүхэн рекорд тогтоон 12,5 хувьд хүрснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. БНХАУ-ын төв банкны зүгээс зарим нэг банкуудад тодорхой шалгуурын дагуу зээл олгосноор банк хоорондын зээлийн хүү тогтворжсон байна. Гэсэн хэдий ч банк хоорондын зээлийн хүү өндөр хэвээр байгаа, шинэ зээл олголт бага байгаа зэрэг нь зарим нэг банкуудад татан төвлөрүүлсэн хадгаламжийн хүүгээ эргэн төлөхөд нь хүндрэл учруулж болзошгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )