Ам.долларын ханш сар хүрэхгүй хугацаанд 30 төгрөгөөр чангарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Дотоодын зах дээр монгол төгрөгийн эсрэг ам.доллар, юаний ханш чангарах хандлага хэвээрээ байна. Сүүлчийн дуудлага худалдааны мэдээллийг харахад Монголбанк банкуудад 8 сая ам.доллар, 35 сая юань худалдсан байгаа. Гэхдээ энэ нь ханшийг өсөлтийг сааруулахад хангалтгүй байгааг нөхцөл байдал харуулж байна. Долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1468 төгрөг, юаний ханш 240.00 төгрөгт тус тус хүрсэн байгаа. Ерөнхийдөө ам.долларын арилжааны ханш сүүлийн 3 долоо хоногт нийт 30 төгрөгөөр чангараад байна.

Ер нь арвангурван он гарсаар ам.долларын ханшийн чангаралт буурахгүй байна. Өнгөрөгч оны сүүлийн улиралд монгол төгрөг ам.доллар, юанийн  эсрэг сулрах явц сар шахмын хугацаанд үргэлжилсний дараа Монголбанкны албан ханшийг харахад 1 ам.доллар 1,393,78 төгрөгтэй, 1 юань 220.09 төгрөгтэй тэнцүү байсан. Тэгэхээр тухайн үетэй харьцуулахад ам.доллар төгрөгийн эсрэг 70 гаруй төгрөгөөр, юань 20 төгрөгөөр чангарсан үзүүлэлт харагдаж байна.

Ер нь бол  төв банкны ханшийн үзүүлэлт өнгөрөгч оны сүүл үеийнхээс доогуур байх үед ч арилжааны банкуудын зүгээс Монголбанкны валютын зах дахь оролцоонд шүүмжлэлтэй хандаж байсан. Төв банк зөвхөн юанийн арилжааг хэрэгжүүлээд байна гэх хандлагатай байсан юм. Түүнчлэн Монголбанк ам.долларын дуудлага худалдаанд үе үе гар чангатай ханддаг. Арилжааны банкуудын зүгээс Монголбанкны  нийлүүлэлт хангалтгүй байсны улмаас ханшийн өсөлтийг хязгаарлах боломж багасаад байна гэх тайлбарыг өгдөг ч, өнгөрсөн хугацаанд төв банк өөрийгөө өмгөөлсөн байр сууриа илэрхийлсээр ирсэн.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top