Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, комиссын Австрийн хэсгийн дарга, Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс оролцсон юм.
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдааны үндсэн зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэхээр ажиллаж байгааг сайшааж, Австрийн Засгийн газраас олгож байгаа 40 сая еврогийн урт хугацааны зээлийг үр бүтээлтэй зарцуулах зорилгоор хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлж, холбогдох баримт бичгийг үзэглэн, хоёр тал саналаа нэгтгэн төслүүдээ тохироход оршиж байгаа юм.
Эдгээр харилцан тохиролцсон төслүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг хангах, гүйцэтгэлд хяналт тавин ажиллах талаар хэлэлцэн, зөвшилцөж, хамтарсан шийдвэрүүдийг гаргалаа.
Эрчим хүч, уул уурхай, санхүү, аялал жуулчлал, дэд бүтэц, тээвэр, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал санаачлага гаргаж яриа хэлцэл өрнүүлэн, хоёр талын хамтарсан үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, австрийн орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци, шинэ стандартыг нэвтрүүлэх, нутагшуулахад харилцан дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж, хоёр орны Засгийн газрын түвшинд тодорхой санал дэвшүүлэхээр тохиролцлоо.
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдааны протоколд хоёр тал гарын үсэг зурсны дараа комиссын Австрийн хэсгийн дарга, Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Австрийн бүлгийн дарга Л.Цог хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )