Улаан металлын ханш овоо өслөө

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш  6891.50 ам.доллар байна. Зэсийн үнэ өнгөрөгч долоо хоногт 2 орчим хувиар өссөн. Энэ  нь сүүлийн 2 сар гаруйн хугацаанд авч үзвэл нэг долоо хоног дахь хамгийн их өсөлт болсон юм.Хөрөнгө оруулагчид зэсийн гол хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн томоохон мэдээнүүдийг хүлээн эрсдэл авахаас зайлсхийж байснаас долоо хоногийн эхний өдрүүдэд зэсийн үнэ харьцангуй тогтвортой байсан. Долоо хоногийн дунд үеэс Хятадын эдийн засгийн зарим мэдээнүүд гарч эхэлсэн ба 6 дугаар сарын инфляцийн мэдээ хүлээгдэж байснаас өндөр гарсан, гадаад худалдааны мэдээ бууралттай гарсан зэрэг нь зэсийн үнийг бага зэрэг сулрахад хүргэлээ. Тус улсын экспорт өнгөрөгч сард оны эхнээс 6.1 хувиар буурсан бол импортын хэмжээ 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь 2012 оны 1 дүгээр сараас хойш Хятад улсын экспортын хэмжээ буурсан анхны тохиолдол болжээ. Эдгээр мэдээнүүдийн үр дүнд зэсийн үнэ бага зэрэг буурсан ч хөрөнгө оруулагчид яаран их хэмжээгээр зарж эхлэхгүй байсан ба тус улсын төв банкнаас эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо зөөлрүүлж, хүүгийн түвшинг бууруулж магадгүй хэмээн таамаглаж байснаар арилжаанд оролцох идэвх харьцангуй бага байсан. Харин өнгөрөгч долоо хоногийн дөрөв дэх өдөр АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Бен Бернанке тус улсын инфляцийн түвшин зорилтот түвшинд байгаагаас гадна хөдөлмөрийн зах зээл сул хэвээр байгаа тул мөнгөний нийлүүлэлтийг нэмэх бодлогоо ойрын хугацаанд бууруулалгүйгээр үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэнээр хөрөнгө оруулагчдын эрсдэл авах сонирхлыг нэмэгдүүлж зэсийн үнэ 1 сар орчмын дээд түвшиндээ хүртэл өссөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top