Манайд даварч, тэднийд зөөлөрч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Олон улсын валютын захыг харахад ам.долларын ханш өнгөрөгч долоо хоногт тааруухан үзүүлэлттэй байсан бол манайд эсрэгээрээ тааламжтай байдалтай байна. Өчигдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд Монголбанкинд ам.доллар худалдах, Монголбанкнаас ам.доллар, юань худалдан авах санал тус тус ирүүлсэн ч, төв банк арилжаанд оролцоогүй. Валютын захад хөдөлгөөн оруулаагүй. Харин өнгөрөгч долоо хоногт Монголбанк 2 удаагийн дуудлага худалдаагаар нийт 86.3 сая ам.доллар, 163 сая юань зах зээлд нийлүүлсэн нь ханш тогтворжиход гол нөлөөг үзүүлсэн гэж эдийн засагчид үзэж байгаа. Долоо хоногийн сүүлийн 2 өдөр наадам таарсантай холбоотой амралт үргэлжилсэн ба ам.долларын арилжааны ханш 1470 төгрөг, юаний арилжааны ханш 240 төгрөг орчимд тогтвортой байсан.Тэгвэл өнөөдөр буюу 17-ны өдрийн Монголбанкны албан ханшийг харахад ам.долларын ханш 1,462.86 төгрөгтэй, юанийн ханш 238.47 төгрөг байна.

За харин бусад орнуудын валютын захын өнгөрөгч долоо хоногийн нөхцөл байдлыг харвал  “Standard & Poor’s” агентлаг Итали улсын зээлжих зэрэглэлийг бууруулж байгаа тухай мэдээллэснээс гадна Европын холбооны төв банкны удирдах зөвлөлийн гишүүн хүүгийн түвшинг ирэх 12 сарын хугацаанд доод түвшинд барина гэсэн мэдэгдэл хийсэн зэрэг нь еврогийн ханш буурахад нөлөөлсөн. Англи улсын аж үйлдвэрийн гарц хүлээгдэж байснаас их хэмжээгээр буурсан тухай мэдээ фунтын ханшийг мөн сулрахад хүргэсэн. Долоо хоногийн дундуур АНУ-ын Холбооны нөөцийн банкны өнгөрсөн сарын хурлын тэмдэглэл нийтэд зарлагдсан ба тус банкны удирдлагуудын инэнх нь инфляцийн түвшин бага байгаагийн дээр ажилгүйдлийн түвшин 7.6 хувьд хэвээр байгаа тул бонд худалдан авалтыг яаран бууруулах нь эдийн засагт эрсдэл авч ирэх магадлалтай гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой болов.

Ийм нөхцөл байдалтай  холбоотойгоор ам.долларын бусад валютуудын эсрэг ханш огцом унаж еврогийн эсрэг ханш нь 1.2986, иений эсраг ханш нь 99.65 хүрсэн байна. Энэ мэдээнээс өмнө 9-р сард болох тус банкны хурлаар бонд худалдан авалтыг бууруулна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж, ам.долларын бусад валютуудын эсрэг ханш сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүртэл өсөөд байсан юм.Долоо хоногийн эцэс хүртэл энэ байдал үргэлжилж, ам.долларын ханш сүүлийн 5 долоон хоногийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлттэй долоо хоногоо үдлээ. Харин Даваа гарагт гарах Хятад улсын эдийн засгийн өсөлтийн мэдээ муу хүлээгдэж байгаатай холбоотой Австрали долларын ам.долларын эсрэг ханш 1.8 хувиар суларсан үзүүлэлт тэмдэглэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top