Дэлхийн зах зээл дээрх алтны дундаж ханш өнгөрөгч оны 1-р улиралд 1690,8 ам.доллар/унци байсан бол 2013 оны 1-р улирлын дундаж үнэ 1630,43 ам.доллар/унци болж 3,57%-р буурсан үзүүлэлттэй байна. Оны эхний сард алтны дундаж үнэ 1670,95 ам.доллар/унци байсан ба тогтмол буурсаар 3 сард 1592,86 ам.доллар/унци болсон. 4 ба 5-р сард үнэт металлын үнэ улам буурсан үзүүлэлттэй гарлаа.
Алтны үнийн байдалд АНУ-н эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байсан. Алтны үнийн бууралтад Кипр улсын банкууд 2 долоо хоног хаалттай байж байгаад дахин нээгдсэн нь гол нөлөө үзүүлсэн байна.
Холбооны нөөцийн газраас АНУ-н төв банк хөдөлмөрийн зах зээл тогтвортой болтол сард 85 тэрбум доллараар бонд худалдан авах ажиллагаагаа үргэжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдээд байгаа нь алтны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хандлагатай байсан. Гэвч Холбооны нөөцийн газраас хийсэн бусад мэдээллээс харахад зарим улс төрчид бонд худалдан авах явцыг удаашруулж оны эцэс гэхэд энэ хөтөлбөрийг зогсоох тухай мэдээлсний дараагаар алтны үнэ 1%-р буурч 1566 ам.доллар/унци болсон байна.
-Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн бууралтад гол нөлөө үзүүлсэн. 4-р сард нийлүүлэгдэх алтны үнэ 16,70 цент/унци буюу 1,03%-р буурч 1569,90 ам.доллар/унци болсон.
2013 оны 6-р сарын 10-ны байдлаар алтны үнэ 1383,25 ам.доллар/унци болж үргэлжлэн буурсаар байгаа бөгөөд үнийн бууралтад АНУ-н Холбооны нөөцийн газраас Эдийн засгийн салбар дахь эрсдэл буурч байгаа тул мөнгөний бодлогоо хөнгөрүүлж буй арга хэмжээгээ аажмаар багасгах мэдээлэл гаргасан нь гол нөлөө үзүүлж байна. Иймд ойрын хугацаанд алт болон мөнгөний үнэ улам буурах хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )