Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээллүүдийг хамтдаа сонирхъё.
Өнгөрөгч долоо хоногт Их 20-ийн уулзалт болсон. Тэгвэл тус уулзалтаар сангийн сайд нар дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх талаар хамтран ажиллахаа илэрхийлж Хятадын хэрэгжүүлж буй зээлийн шинэчлэлийн бодлогыг сайшаан өндөр хүлээлттэй байгаа. Сангийн сайд нар АНУ, Японы мөнгөний хэт сул бодлогоос болж бусад улсуудад хүндрэл учрахаас сэргийлж хамтын ажиллагаагаа илүү нарийн уялдуулж, бүрэн ойлголцолтой байлгах чиглэлийг барьж ажиллахаар болсон. Мөн тэд зах зээлийн зарчимд суурилсан валютын ханшийн системийг тогтвортой байлгахын тулд илүү эрчимтэй арга хэмжээг авах болно гэсэн тохиролцоонд хүрээд байгаа.
Мөн өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр болсон Японы парламентын дээд танхимын сонгуульд одоогийн ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлсэн нам ялалт байгуулсан. Энэхүү ялалт нь засгийн газрыг тогтвортой байлгах чухал ялалт болох талаар шинжээчид тэмдэглээд Японы эдийн засагт итгэх итгэл сэргэж байгаа. Японы иений ханш сонгуулийн дараа огцом чангарсан ба хувьцаанууд эргээд унаж, “Nikkei 225” индекс 0.3%-иар буураад байна.
Харин манай өмнөд хөрш Хятад улсын эрх баригчид банк санхүүгийн салбарын шинэчлэлийн хамгийн том алхамаа хийж эхлээд байна. Зээлийн хүүгийн тогтолцоог шинэчлэн зах зээлийн зарчимд тулгуурласан зээлийн хүүгийн түвшин тогтдог болгох эхний алхам нь банкуудын хадгаламж зээлийн хүүгийн лимитүүдийг үгүй болгосон явдал байлаа. Гэхдээ орон сууцны зээлийн хүүгийн хязгаарыг хэвээр үлдээж үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс сэргийлж байгаагаа Хятадын Ардын банк зарласан. Арилжааны банкуудыг хоорондоо хадгаламжийн хүүгээр өрсөлдөх боломжтой болгосон нь зах зээлд ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )