Шинзо Абегийн намын ялалт ханш сулрууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 1486.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар, 241.6 төгрөгийн хаалтын ханштайгаар 103 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. Өнгөрөгч долоо хоногийн дуудлага худалдаагаар Монголбанк арилжаанд оролцоогүй ба Пүрэв гарагт 43.8 сая ам.доллар, 73 сая юань зах зээлд нийлүүлсэн ч ханшийн өсөлт үргэлжилсэн хэвээр байлаа. Долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1483 төгрөг, юаний арилжааны ханш 243.50 төгрөгт тус тус хүрээд байсан бөгөөд валютын эрэлт өндөр байгаа нь ханшийн өсөлтөөс харагдаж байна.

Харин олон улсын валютын захын нөхцөл байдлын хувьд АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Бэн Бернанкегийн мэдэгдлийн дараа ам.долларын бусад валютуудын эсрэг ханш чангарлаа. Тэрээр энэ жилдээ багтаж бонд худалдан авалтыг бууруулна хэмээн мэдэгдсэний зэрэгцээ энэ нь эдийн засгийг дэмжих хөтөлбөрөө зогсооно гэсэн үг биш болохыг тэмдгэлсэн байна. Англи улсын төв банк бонд худалдан авалтаа нэмэгдүүлэхгүй хэвээр үлдээнэ гэсэн шийдвэр гаргасан нь фунтын ам.долларын эсрэг ханш сүлийн 2 долоо хоногийн дээд түвшин буюу 1.5270-д хүрэхэд нөлөөлжээ.АНУ-ын долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногоос огцом буурсан мэдээ гарсны дараа ам.долларын ханш мөн чангарсан. Ялангуяа ам.долларын иений эсрэг ханш 1 хувиар чангарч, 100.86 хүрсэн нь сүүлийн 7 долоо хоногийн дээд түвшин болсон байна. Япон улсын парламентийн дээд танхимын сонгуульд Шинзо Абегийн нам ялалт байгуулах магадлал өндөр байсан нь  мөнгөний тэлэх бодлого улам эрчимжинэ гэсэн хүлээлт үүсгэсэн бөгөөд иений ханш сулрахад нөлөөлж байлаа.

За харин Хятад улсын төв банк бага хүүгийн түвшинтэй санхүүжилт олгох талаарх асуудлаа долоо хоногийн сүүлийн өдөр шийдсэн нь тус улсын түүхий эдийн гол нийлүүлэгч Австраль улсын валютын ханшинд эерэг нөлөө үзүүллээ. Австраль долларын ам.долларын эсрэг ханш үүнтэй холбоотойгоор 0.3 хувиар чангарч, 0.9191 хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top