Бэн Бернанкегийн мэдэгдэл зэсийг унагав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 6,980 ам.доллар байна. Ер нь улаан металлын ханш сул талдаа өдрүүд үргэлжилж байгаа. Манай өмнөд хөрш БНХАУ-ын 2 дугаар улирлын эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 7.7 хувьтай гарч байсан бол 2 дугаар улиралд 7.5 хувь болж буурсан мэдээ гарсанаар зэсийн үнэ долоо хоногийг бага зэрэг буурч эхлүүлсэн. Тус улсын эдийн засгийн өсөлт 2 дугаар улиралд суларч гарснаар сүүлийн 10 улирлын 9-д нь суларсан үр дүнтэй гарч байна.

Гэвч өсөлтийн хэмжээ олон улсын шинжээчид, хөрөнгө оруулагчдын таамаглаж байсантай ижил гарсан тул зэсийн үнийн бууралт их биш байсан ба Мягмар гарагт эсрэгээрээ бага зэрэг өсөлттэй арилжаалагдаж байсан. Харин Лхагва гарагт Холбооны нөөцийн банкны тэргүүн  Бэн Бернанке, сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авч буй хөтөлбөрөө энэ оны сүүлээр бууруулна хэмээн мэдэгдсэнээр зэсийн үнэ ахин буурч арилжаалагдсан. Дараагийн өдөр АНУ-ын 7 дугаар сарын эхний хагасын хөдөлмөрийн зах зээл болон үйлдвэрлэлийн салбарын мэдээ эерэг гарснаар үнийн бууралт тогтворжсон ба долоо хоногийн сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ харьцангуй тогтвортой, хэлбэлзэл хөдөлгөөн багатай арилжаалагдаж, нэг тон нь 6,915 ам.доллар дээр хаагдсан үзүүлэлттэй байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top