Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах талаар дараах ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлж буй нэг цэгийн үйлчилгээний танхимыг байгуулан стандартын дагуу татварын албаны хэмжээнд нэг өнгө, төрхтэй болгон тохижуулж, дараалал зохицуулах систем, компъютер, үнэлгээний орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж байна.
Татвар төлөгчдөд татварын хууль тогтоомж, түүнийг дагаж мөрдөх журам, татварын тайлангийн маягт бөглөх болон татварын цахим тайлангийн системийн талаар асуусан асуултанд хурдан шуурхай, зөв зохистой хариулт өгөх, харилцааны соёлтой, боловсон үйлчилгээг хүргэх зорилгоор “Утсаар зөвлөгөө өгөх төв”-ийг ажиллуулж байна.
Татварын хууль, тогтоомжтой холбоотой "Асуулт, хариултын сан"-г бий болгож, албаны цахим хуудсанд хайх системтэйгээр байршуулсан.
Татварын улсын байцаагчдын харилцааны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн мэдрэмжийн менежмент” төслийг хэрэгжүүлсэн. Үүнтэй холбогдуулан байцаагчдын харилцааны ур чадварыг сар бүр үнэлж байна.
Цахим татварын системийг нэвтрүүлсэн ба одоогоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөлс, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус татвараас суутгасан орлогоос суутгасан албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хүлээн авч байна.
Татварын алба нь тоон гарын үсгийн дэд бүтцийг байгуулан, програм хангамжийг боловсруулан татварын тайлан хүлээн авч байна. Тоон гарын үсэг нь ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцох тул цахимаар илгээсэн тайланг цаасаар баталгаажуулах шаардлагагүй болно. Ингэснээр татвар төлөгчдийн цаг, хугацаа, зардлыг хэмнэх, татварын албанаас үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай авч, хүнд суртал алга болно.
Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хардаг болсон. Ингэснээр татвар төлөгч санхүүгийн тайлангаа тушаасан эсэх болон тайлангийн үзүүлэлтүүдийг цахимаар хардаг болсон нь цаасгүй орчинг бүрдүүлж өгсөн.
Татварын албаны цахим хуудас /www.mta.mn/-ны загвар, мэдээ, мэдээллийн багтаамж, агуулгыг өргөжүүлсэн. Ингэснээр татвар төлөгч татварын хууль, тогтоомж, дүрэм, заавар, аргачлал, маягт гэх мэт хэрэгтэй зүйлээ нэг доороос авах боломжийг бүрдүүлж өгсөн. Цахим хуудасны Англи хэл дээрх хувилбарыг ашиглалтанд оруулж эхлээд байна.
Татварын албаны талаарх мэдээ, мэдээлэл, болон татварын хууль, тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх үйл ажиллагаанд нийгэмд чиглэсэн интернет мэдээллийн хэрэгсэл /facebook, twitter, youtube гэх мэт/ -ийг идэвхитэй ашиглаж байна.
Татвар төлөгчдөд шаардлагатай мэдээ, мэдээлэл /том хэмжээтэй файл/-ийг хүргэдэг mass message, mail marketing-ийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Татвар төлөгчдийн татварын боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, татвар төлөгчдөд зориулсан эрдэм шинжилгээний болон онол, практикийн бага хурал, хэлэлцүүлэг, татварын хууль, тогтоомжийг таниулах арга хэмжээ зохион байгуулах зорилгоор “Татвар төлөгчдийн танхим”-ийг байгуулсан.
Татвар төлөгчдөд зориулсан танхимын болон ажлын байран дээр, онлайн сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Татвар төлөх сэтгэл зүйг багаас нь төлөвшүүлэх зорилгоор бага, дунд, ахлах ангийн сурагчид, багш нар, багачуудад зориулсан сурах бичиг, гарын авлага, комикс ном, хүүхэлдэйн кино, цуврал нэвтрүүлэг зэргийг хийж байна.
Татварын хуулийн сурталчилгааг өргөжүүлэх, татварын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй өргөн хэлбэрээр хүргэх, татварын алба, татвар төлөгчдийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор жил бүр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна.
Улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг шалгаруулан татварын албаны дээд шагнал болох “Хөх дэвтэр”-ийг олгодог.
Цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар
Татварын төлбөр тооцоог интернэтээр, банкны вэб хуудсаар, мобайл банкны үйлчилгээгээр болон татварын албаны POS-ын терминалаар дамжуулан хийнэ.
Татварын албаны нэг цонхны үйлчилгээг нэг өнгө төрхтэй болгох үйл ажиллагааны 3 дахь үе шатны зорилт болох “Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төв”-үүдийг байгуулж, салбараар мэргэшсэн менежрүүдийг бэлтгэнэ.
“Цахим тайлангийн мэдээллийн систем” програмыг 2013 оны 8 сараас ашиглалтанд оруулна.
Цахим тайлангийн системд тоон гарын үсгээр тайлан хүлээн авах ажлыг үе шаттай нэвтрүүлнэ.
Төрийн болон төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран татвар төлөгчдийн татварын хууль, эрх зүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулан, хамрах хүрээх өргөтгөж, оnline сургалтыг нэвтрүүлнэ.
Татварын байцаагчдын харилцааны ур чадвар, соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг төсөл хэлбэрээр үе шаттай хэрэгжүүлнэ.
Хуурамч, алдаатай санхүүгийн тайланг эконометрикийн загваруудын тусламжтайгаар илрүүлдэг програмыг дэмжин хөгжүүлж, тайлан хүлээн авах үйл ажиллагаанд ашиглана.
Сургалт, сурталчилгааны зардлын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар татвар төлөгчдөд зориулсан ном, брошюр, гарын авлагыг шинэчлэн боловсруулж, хүртээмжийг сайжруулна.
Татварын байгууллагын музейг түүхчилсэн байдлаар тохижуулж, татварын сурталчилгааны танхимын зориулалтаар ашиглан, оюутан, сурагчдыг хамруулсан татвартай танилцах аялал зохион байгуулна.
Сургалтын видео хичээл, нэвтрүүлэг бэлтгэж, YouTube, вэб хуудсанд байршуулна.
Tax Yellow Pages програмыг ашиглан интернетэд хайлт хийх замаар татварын хөндлөнгийн мэдээллийг баазыг нэмэгдүүлнэ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүү, татварын тайлан бэлтгэдэг хялбаршуулсан програмыг бий болгоно.
Сэтгэгдэл ( 0 )