Япончууд Таван толгой-Чойбалсангийн чиглэлийн замын зургийн ажлыг хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 30

Даваа гараг бүр тогтмол болдог “Бүтээн байгуулалтын цаг”-аар Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон нийслэлээс хариуцан гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг сонслоо.

Тавантолгой-Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 225 км төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногт хэвийн явагдлаа. Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 31 хувьд хүрсэн байна. Энэ нь 70 км далангийн ажил хийж дуусан гэсэн үг юм. Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг компани, туслан гүйцэтгэгчээр дотоодын 12 компани ажиллаж байна. Таван толгой-Чойбалсангийн чиглэлийн замын зургийн ажлыг Японы компани хийж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт зураг төсөл боловсруулах ажлын 14 хувийг гүйцэтгээд байна.

Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 290 орчим тоног төхөөрөмж, 369 ажилчин ажиллаж, барилгын ажлын явц 34,6 хувьтай байна. Хөвсгөл аймгийн чиглэлийн 253,3 км замд таван компани гэрээ байгуулан ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 19,6 хувьтай байна. Дундговь-Өмнөговийн 400 км замын ажил 49,1 хувийн гүйцэтгэлтэй, Баянхонгор аймгийн 107 км замын ажил 97,8 хувьтай, 8 км замын хучилтын ажил дутуу байна гэсэн мэдээллийг Зам тээврийн яамнаас өглөө.

Улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын төвийн шинэчлэлийн ажилтай Барилга, хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс өнгөрсөн долоо хоногт танилцсан байна. Баянлиг сумын хувьд нийт баригдах зургаан барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бууцагаан сумын хувьд 35 хувьтай байна. Энэ төслийн хүрээнд Канадын дэвшилтэт технологи Монголд нэвтэрч, орон нутгийн иргэд ажлын байртай болж байгаа зэрэг давуу талтай. Эдгээр барилгыг 10 дугаар сарын 1-н гэхэд бүрэн хүлээлгэн өгөх боломжтой гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулахад Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллараар санхүүжүүлэх эрх нээгдсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх нэгж урсгал зардлын санхүүжилтээ аваад ажиллаж байна. Санхүүгийн, техникийн болон хуулийн зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг бүрэн хийж сонгосон компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд энэ жил 1,1 их наяд төгрөгийн ажил хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийт ажил 58 хувь, замын ажлын гүйцэтгэл 62,5 хувьтай байна. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварын шинэчлэл хийгдэхээс тав нь бүрэн дууссан байна. Бусад уулзварын зураг төсөл дуусч, ажил эхэлсэн байна. Нийт уулзварын шинэчлэлийн ажлыг 9 дүгээр сарын нэгэнд бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байна.

Нийт төлөвлөсөн ажлуудыг, ялангуяа “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох яамд болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож, найр наадмын цаг дуусч, намрын их ажлын үе эхэлснийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top