Ардын намынхан АН-ын залж байгаа эдийн засагт муу дүн тавилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

МАН-ын Бага хурлаар намын бодлогын алдаа, онооны тухай дотоод асуудлаасаа гадна Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцэнэ гэсэн зүйлийг эрхмүүд ярьж байсан. Тэрчлэн тэднийг ажиглагч бусад талууд ч “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд улс төрийн ямар үнэлт дүгнэлт өгч байна вэ гэдгээс нь МАН-ы шинэчлэлийг харж болно” гэх зүйлийг ярьж байгаа. Тэгвэл Бага хурал дээр намын даргынх нь тавьсан илтгэл дээр улс орны нийгэм эдийн засагт өгч байгаа үнэлэлт дүгнэлт харагдаж байв. Тэрээр хэлэхдээ: -Монголчуудын их найдвар тавьж байсан Эрдэнэс-Тавантолгой компани аль эрт дампуурсан гээд саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарлачихлаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогслоо. Энэ жил 35 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар дөнгөж 6 орчим сая тонныг гаргасан гэсэн мэдээтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаар байна. Төсвийн орлого олон зуун тэрбумаар тасрах нь тодорхой боллоо. Ганц жишээ хэлэхэд нүүрсний экспортоос 2,7 их наяд төгрөгийг, Оюутолгойгоос 470 орчим тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон нь бүтэшгүй боллоо. Ам.долларын ханш хар зах дээр аль хэдийн 1550 руу дөхчихлөө, цаашид улам өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл Монголбанкнаас интервенц хийх нөөцийн хэмжээ эрс багассаар байна. Чоно борооноор гэгчээр хүмүүс наадаж, амарч байгаа үеийг далимдуулан цахилгааны үнийг нэлээд хэмжээгээр нэмээд авлаа. Энэ нь суурь үнэ учраас бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэд хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний амьдралд хүндээр тусах нь гарцаагүй учраас УИХ дахь Ардын Намын бүлэг ажилдаа орж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн холбогдох хууль, тогтоолын төслүүдээ яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатай байна. Ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал, тооцоо судалгаагаа дуусгаж УИХ, Засгийн газарт өргөн барих, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн биелэлт, түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл яг очих ёстой эзэддээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих зэрэг асуудлууд руу анхаарлаа хандуулмаар байна.Ер нь бидний үйл ажиллагааны гол чиглэл улс орон, ард түмэн рүү хандсан байх ёстой шүү гэдгийг дахин тэмдэглэе.” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top