Нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэгсдийн тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Энэ оны долдугаар сарын байдлаар Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх сарынхаас 83.6 тэрбум төгрөг буюу 15.9 хувиар нэмэгдэж 528.9 тэрбумд хүрсэн байна. Харин нийгмийн даатгалын  үйлчилгээ хүртэгсдийн тоо 272.6 мянгаар нэмэгдэж, 2.3 саяд хүрсэн байгаа аж. Өнгөрсөн сард Нийгмийн даатгалын санд төвлөрсөн орлогын 64.7 хувийг буюу 342.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан бөгөөд тус сангаас 306.4 мянган иргэний тэтгэвэрт 468.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийт тэтгэвэр зарцуулсан хөрөнгийн 73.1 хувийг өндөр насны тэтгэвэр авагч 215.6 мянган иргэнд олгосон тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн байна.

Үүнээс гадна энэ удаагийн мэдээллээр өнгөрсөн сард тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлснээс гурав дахин бага буюу 101.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд хуваарилжээ. Харин тухайн сард эрүүл мэндийн даатгалын сангаас 68 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 1.9 сая хүний зардалд зарцуулсан байна. Үүний 90.1 хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд зориулсан бол 2.6 хувийг рашаан сувилалд, 7.4 хувийг эмийн үнийн хөнгөлөлтөд тус тус зарцуулсан болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэлд онцолжээ. Ерөнхий дүнгээр нь авч үзвэл 2013 оны долдугаар сард нийгмийн даатгалын сангаас 592.5 тэрбум төгрөгийн зардал гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top