Монголын хамгийн том шатахууны агуулахыг Петровис, НИК ХХК ашиглалтанд орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Шатахууны салбартаа анхдагч Петровис, НИК ХХК анх удаа дэлхийн стандартад нийцсэн, бүрэн автомат, монголд хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох 44 сая литр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх зориулалттай “Шинэ Толгойт” агуулахыг ашиглалтанд оруулж, энэ салбарт хувьсал хийлээ.

Тус компанийн зүгээс харъяа агуулах, шатахуун түгээх станцуудаа орчин үеийн дэвшилтэт техник технологиор шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

 Өнөөдөр нээж байгаа “Шинэ Толгойт” агуулахын нээлтийн ажиллагаанд Газрын тос, Улсын Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Хотын гаалийн газрын дарга, мэргэжилтнүүд, Петровис, НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, тус компанийн салбар компаниудын захирал, дарга, тус агуулахын гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.

 Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Өдрөөс өдөрт эрчтэй хөгжиж байгаа манай улсын хувьд хөгжлийг түгээн ажилладаг шатахууны агуулахыг нийслэл хотдоо барьж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байгааг мэргэжилтнүүд ярьж байлаа.

 Шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл зэрэг шатахууныг тойрох цөөнгүй асуудал бидэнд бий. Тэгвэл дэхийн стандартад нийцсэн энэхүү шинэ агуулах ашиглалтанд орсноор салбартаа хувьслыг эхлүүлж, стратегийн чухал ач холбогдолтой шатахууны агуулахын зах зээлийн 50 гаруй хувийг Петровис, НИК ХХК эзэлж байна.

 Манай улсын шатахууны агуулахын дийлэнх нь 60 хүртэл жилийн настай, технологи, тоног, төхөөрөмжийн хувьд элэгдэлд орсон байдаг байна. Тэгвэл одоо бид дэлхийн жишигт хүрсэн цоо шинэхэн агуулахтай болж, хамгийн гол нь технологийн хувьд шинэ шатанд гарч байгааг агуулахын төслийн удирдагч Н.Насанжаргал онцолсон юм.

 

Шатахууны ууршилтыг 95 хувь хүртэл бууруулна

 

  Тус агуулах нь МУ-ын стандартаас давсан үзүүлэлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн API - Америкийн Нефтийн Институт, NFPA – Америкийн Галын Аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандартын шаардлагад нийцүүлэн ууршилтын алдагдалгүй, агаар, хөрс, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техникийн шийдэл, сав, тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Тухайлбал, бензин хадгалах савнууд нь дэлхийн жишигт нийцсэн дотроо шингэний түвшин дээр хөвдөг хөнгөн цагаан хөвөгч тагийг суурилуулж өгсөнөөр шатахууны ууршилтыг 95% хүртэл бууруулдаг технологиор хийгдсэн байна. Энэхүү дээвэр нь байгаль орчин болон галын аюулаас хамгаалахад онцгой үүрэгтэй аж. Түүнчлэн шатахууны шугам хоолой, сав, ачилт, буулгалт дээр шатахууны ууршилт хянах төхөөрөмж суурилуулсан бөгөөд бүх шугам хоолойнуудыг дагуулан шатамхай хий мэдрэгч суурилуулсан нь шугам хоолойноос шатахуун алдагдахыг таслан зогсоосон байна. Мөн цэвэрлэх байгууламжтай юм байна.

 

Энгийн агуулахаас 2-3 дахин хурдтай ажилладаг

 “Шинэ Толгойт” нь таван төрлийн шатахууныг хүлээн авах, хадгалах, ачих технологийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар хүний оролцоог багасгаж хэрэглэгчиддээ шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Тухайлбал, энгийн агуулахаас хоёр дахин хурдтай буюу 3-4 цагт 12 вагонцистерн буулгах хүчин чадалтай юм.

 Харин шатахуун түгээх хэсэгт нэг минутад 1500 литр шатахуун цэнэглэх хүчин чадалтай найман автостакад ажилладаг бөгөөд баталгаажуулсан тоолуурын системээр шатахуун олгодог. Тухайлбал, автоцистерний шатахууны банкны хэмжээ болох 15 мянган литрийг цэнэглэхэд энгийн агуулахаас гурав дахин бага буюу 10 минутыг зарцуулдаг байна.

 Технологийн бүх шатанд хэмжүүр, хэмжих хэрэгсэлтэй, тэдгээр нь төв удирдлагын компьютерт холбогдон шатахууны хэмжилт, тооцооллыг компьютерт гүйцэтгэх зэрэг ажлыг хөнгөвчлөх олон технологи, төхөөрөмжүүдийг энд хэлж болох бөгөөд нэг үгээр хэлбэл үйл ажиллагааны дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн аж.

 

Аюулгүй ажиллагааг онцгой анхаарсан агуулах

 Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн горимийн алдаа, аваар ослоос бүрэн сэргийлэхэд картын системээр ажилладаг байна. Түүнчлэн аюулгүй ажиллагааг бүрэн хангахад дэлхийн жишигт нийцсэн галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл дохиоллын автомат систем, гал гарсан тохиолдолд богино хугацаанд унтраах ус, хөөсний иж бүрэн систем, видео камерын иж бүрэн хамгаалалтын систем, цахилгаан, дулаан, усан хангамж, холбоо, дохиолол, үерийн хамгаалалтын далан зэрэг инженерийн иж бүрэн байгууламжуудаар шийдвэрлэжээ.

 Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус агуулах нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг онцгой анхаарсан, хүний оролцоог багасгасан үйл ажиллагааны дэвшилтэт технологиотойгоор онцлог аж.

 Ийнхүү агуулахын технологийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэснээс гадна хэрэглэгчдийнхээ тав тух, хэрэгцээг бүрэн хангахад зориулан агуулахад 30 автоцистерний зогсоол, 24 цагийн ажиллагаатай, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй Монгол улсын Итгэмжлэгдсэн лаборатори, Техник, технологийн засвар үйлчилгээний төвийг ажиллуулж байгаа юм байна.

Энэхүү бүрэн автомат агуулахыг барьж байгуулахад олон улсын болон дотоодын олон компани оролцсоноос нефтийн барилга угсралтаар мэргэшсэн “Эм Пи Ай Консалтантс” компани зураг төслийг монгол хэл рүү хөрвүүлж улсын экспертизэд оруулах, төсөл боловсруулах, инженерийн шийдэл гаргах, гүйцэтгэлийг хэрэгжүүлхэд зөвлөхөөр ажилласан бол автоматжуулалт, дохиолол, программ хангамжийн ажлын гүйцэтгэгчээр АНУ-ын Хонивэл /HONEYWELL/ компанийг сонгон ажиллуулсан байна. Харин технологийн барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр салбартаа тэргүүлэгч Синопек /SINOPEC/ компанийн нефтийн барилга угсралтын Лонгхуй /LONGHUI/ компани ажиллажээ.

 Байгууламжийг ашиглалтанд оруулахад ийнхүү салбартаа тэргүүлэгчдийн сонгосноос гадна тоног, төхөөрөмжүүдийг Америк, Герман, Швецарь зэрэг гуравдагч орнуудаас нийлүүлсэн нь чанарыг илтгэх бас нэг онцлох зүйл хэмээн тэд ярилаа. Компанийн хувьд энэхүү бүтээн байгуулалтын ажил нь техникийн шинэчлэлтийн эхний шат дууссаныг Петровис ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням нээлт нь дээр хэлж байсан юм. Түүнчлэн удахгүй Увс, Өмнөговь, Дорнод аймгуудад шинэ агуулахууд сүндэрлэн босохыг ярьж байлаа.

Анхны бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах нь монголчууд бидэнд шинэ технологийг нэгээр нэмлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top