Шинэ Засгийн Газар 2012 оны сүүлчээр мөнгөний эрэлд хатсан юм. Яагаад гэвэл өмнөх Хамтарсан Засгийн үед эдийн засгийг бүр сүг болгочихсон байлаа. Энд би “хамтарч сүг болгосон” гэдгийг онцлон дурдаж байна. Үүнийг нотлох нь ёстой илүү зан юм…
Тэгээд Н.Батбаярыг гадаад явуулж мөнгө зээлчихээд дараа нь 2012 оны 10 дугаар сарын 25-нд бонд гаргах зөвшөөрлийг УИХ-aaр батлуулж 1.5 тэрбумын бондын асуудлыг анх гаргаж ирсэн юм. Үүгээрээ өмнөх засгийн үед эхэлж байсан “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг “баяжуулан хөгжүүлж” ёстой галзуутай байдалд оруулсан юм. Энэ нь нийтдээ 1,9 их наяд төгрөгийн ихээхэн том асуудал болно. Тэгээд бас болоогүй Ерөнхий сайд “өчүүхэн жижиг” 50 тэрбум төгрөгийг өөртөө үлдээсэн асуудал бий. Ингэхэд манайхан “үнэ” тогтворжуулах хөтөлбөр” гэж юу байдгийг огт мэддэггүй юм.
Үл үзэгдэх гар чинь энэ үү ?
Манай либерал эдийн засагчид зах зээлийг “үл үзэгдэх гар” удирддаг гэж солиордог юм. Энэ нь эдийн засгийг ерөөсөө удирдах хэрэггүй гэсэн хачин утгагүй философи юм. Манай эдийн засаг МАН, АН хоёрын олигархуудын тэнэг шуналаас болоод бүр сүг болж гүйцсэн гэдгийг би дээр дурдсан. Тэд эдийн засгийг, улс орныг удирдах жолоогоо бүр алдчихсан.
Тэгээд бүр аргаа барахдаа “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг санаачилсан юм. Үүний үүх түүхийг ярина гэвэл үлгэр домог шиг юм болно. Эхлэл нь Хамтарсан Засгийн үеэс эхтэй юм. Мөнгөгүй болохоороо бонд монд гаргаад, IPO гаргаад сүйд болж байсныг нь хүн бүх санаж байгаа. Ерөнхийдөө бол Монголын буянг буюу ашигт малтмалыг барьцаалан мөнгө зээлж байгаа хэрэг л дээ.
Мэдээж мөнгө зээлж болно, гэхдээ өр зээл, хөрөнгө оруулалт хоёроо ялгачихаж сурчихаад улс орондоо юу хийх, юу бүтээх бодлого төлөвлөгөөтэй байж хөрөнгө оруулалт татдаг юм. Мөнгө зээлчихээд түүнийгээ баруун солгойгүй цацаж байгаа хүний бүтээн байгуулагч гэж хэн ч хэлдэггүй, харин усан тэнэг гэдэг юм.
Ингээд 2012 оны 10 дугаар сарын 22-нд Шинэ Засгийн газар, Монголбанкны хооронд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 4 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
Одоо энэ хөтөлбөр тус бүрийг бяцхан задлаад үзье:
1. “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр. Анх энэ хөтөлбөрийн санхүүжилтийг арай багаар төлөвлөж байснаа 2013 оны 5 дугаар сарын 21-нд явцыг нь дүгнэж үзээд Уул уурхайн сайдын…тоотыг үндэслэн санхүүжилтийг 28 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 195 тэрбум төгрөг болгожээ. Энэ зээлийг жилийн 3,8 % -ийн хүүтэй хэрэгжүүлэгч компаниудад (мэдээж хэрэг шатахууны компаниуд -Х.Д.Г.) олгож, нийт 338,3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2-3 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэснээр ханшийн эрсдэлийг буурууллаа гэж өөрсдөө дүгнэсэн байна. Үүний үр дүнд шатахууны нөөц 2 дахин нэмэгдсэн гэнэ.
2. “Өргөн хэрэглээний барааны импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар төмөр замын шатахууны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн 3,8 % -ийн хүүтэй 3 жилийн хугацаатай 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Манайд тээврийн зардал чухал боловч ганц төмөр замд асар их зээл олгосноор өргөн хэрэглээний барааны үнэ хямдарсан эсэх ихээхэн эргэлзээтэй.
3. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр. Энэ нь дотроо бас хэд хэдэн дэд хөтөлбөрт хуваагдах ба үүний зардлын задаргааг Та бүхэнд харуулъя: “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөр: нийт наян долоон тэрбум төгрөг; “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөр: нийт жаран нэгэн тэрбум төгрөг. Мах, гурилын үнэ хэр зэрэг “хямдарсныг” Монгол хүн бүр мэдэх хойно би юуг нь ярих билээ…
4. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр. “Барилгын нэр төрлийн материалын үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн: гурван зуун далан есөн тэрбум төгрөг, үүнээс: Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж жаран дөрвөн тэрбум төгрөг; “Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент,арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж хоёр зуун жаран таван тэрбум төгрөг; “Дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд зориулж тавин тэрбум төгрөг; “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн: найман зуун тэрбум төгрөг.
Ийм их мөнгө идчихээд орон сууцны үнэ буурч байна уу ? Үгүй ш дээ. Монгол Улс орон сууцны үнээр дэлхийн хамгийн эхний байранд орох болсон. Шуналд бас хэмжээ хязгаар гэж баймаар…
Эндээс Та их хачин тун олон хачин (!!!) зүй тогтол ажиглаж байна:
1. Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр санамж бичиг, яамдын сайд нар гэрээ, хамтарсан тушаал гаргаж арилжааны банкуудад 3-4 хувийн хүүтэй зээл өгч байна.
2. Төв банк арилжааны банкаар дамжуулан мөнгө хүүлж байна. Арилжааны банкны хадгаламжийн доод хүү 10 хувь байдаг. Гэтэл 3-4 хувийн хүүтэй мөнгийг дахиад өөр хүмүүст өгч байна. Зөрүү хаашаа явах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна ?
3. Махны үнэ тогтворжуулах гэж 84 тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өгсөн. Тэглээ гээд ард түмэн үнэтэй мах идэж шийтгүүлсэн. Энэ одоо юу болж байгаа юм ? Монголчуудыг мах иддэг гэж шийтгэж, даапаалж байгаа юм уу ?!
4. Засгийн Газар бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байгаа нь тодорхой байна. Бодит байдал дээр Засгийн газар Улсын төсөв, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн гурван төсөвтэй болсноор үл барам тэднийгээ хольчихоод учрыг нь ч олж чадахгүй байна. Нийгмийн халамж, төсвийн алдагдал зэргийг бондыг мөнгөөр нөхөх болохгүй гэсэн УИХ-ын тогтоол бий шүү дээ.
5. Төслүүд нь, жишээлбэл, банк болон барилгын салбар давхар мөнгө хүүлдэг систем болон өргөжив.
6. Дүгнэж хэлбэл Засгийн Газар гэмт хэрэг үйлдэж, түүнийг өдөөн турхирч байна.
Ингэхлээр Монголын жижиг эдийн засагт “үл үзэгдэх гар” гэж байхгүй, харин олигархуудын бохир хулгайч гар гэж байдаг бөгөөд тэд монголын эдийн засгийг яаж хорлон сүйтгэж байгаа жишээг Та бүхэн “үнэ тогтворжуулах хөтөлбөрийн” жишээн дээр сайтар ойлгосон гэж бодож байна. Та бүхнээс дээрх задаргааг дахин дахин сайтар шинжлэхийг хүсч байна.
Энэ бүх тэнэглэл ганцхан энэ Засгийн Газраас болсон гэж би хэлэхгүй. Харин “хамтарсан” тэнэглэлийг галзуурал болгож, засал авахын аргагүй болгож даамжруулсан гэж дүгнэж байна.
Энэхүү “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгч хөгийн зүйл нь бондын мөнгөний хаялга гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой буй за ?!
Тэгвэл одоо бондын мөнгийг яаж зарцуулж байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саяхны буюу энэ оны 5 дугаар сарын сүүлчийн мэдээллээс иш татан аваад үзье:
1. Таван толгойн цахилгаан станц. Эхний ээлжинд 50 сая ам.доллар оруулахаар төлөвлөсөн.
2. Гудамж төсөл. Хотын төв хэсэг, гэр хороолол, хурдны зам гэсэн 3 хэсэгтэй. Энд 200 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
3. Шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар.
4. Авто замын төсөлд 570 тэрбум төгрөг.
5. Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхэд 68,8 сая ам.доллар.
6. “Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх болоод Улаанбаатар хотод орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн ажилд зориулж 200 тэрбум төгрөг.
7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 27,7 сая ам,доллар.
8. Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17,7 сая ам.доллар.
9. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар.
10. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13,5 сая ам.доллар.
11. Орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжих зорилгоор байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд зориулж 14 сая ам.доллар.
Ингээд бондын мөнгөнөөс 347 сая ам.доллар үлдээд байгаа аж. Гэхдээ хүлээгдэж байгаа төсөл маш их байгаа гэнэ.
Төмрийн үйлдвэрлэлээ дэмжих, зэс хайлуулья гэвэл дэмжинэ гэнэ. Гэтэл төмөр, зэс хайлуулах “тэнэг хүн” олдохгүй байгаа бололтой юм…Анхнаасаа төмөр, зэс хайлуулах төсөлд бондын мөнгө өгнө гээд хэлчихсэн бол эрхбиш монгол хүн олдох байсан буй за. Ямар ч бодлогогүй болохоор ингэж цацдаг, ингэж утгагүй “иддэг” юм.
Тэхээр 1,5 тэрбумаас 1,2-ыг нь “идчихэж”, одоо ердөө л 300 гаруй сая ам.доллар үлдэж.
Одоо төслүүдийг цэвэр эдийн засгийн утгаар, түүний дотор эргэн төлөгдөх чадвар гэсэн гол үзүүлэлтээр жишээд хувийн үнэлгээ өгье:
1. Таван Толгойн Цахилгаан станц бол Таван Толгой ажилласан тохиолдолд үр ашгаа өгөх нь эргэлзээгүй.
2. Гудамж төсөл бол мөддөө эргэн төлөгдөхгүй. Дам байдлаар нөлөөлнө, гэхдээ их удна. Ухаандаа хурдны зам бол зайлшгүй зүйл огт биш. Бидэнд эхний ээлжинд “үйлдвэрийн” зам хэрэгтэй.
3. Төмөр зам. Хэрэв чиглэлийг нь зөв сонгосон бол, хэрэв үйлдвэрлэлийн стратегийн төвүүдтэй зөв холбосон бол ашгаа өгнө. Буруу холбосон бол асар их мөнгө газар булсан хэрэг болно.
4. Автозамын төсөл. Монголын аймгуудыг холбосон замуудын ихэнхи нь эдийн засаг, аж үйлдвэрийн ач холбогдол маш багатай. Харин нийгмийн ач холбогдол бий. Манай аймгуудыг холбосон асар хол замаар өдөрт ердөө л 50-100 машин явдаг. Гэхдээ голдуу хөнгөн тэрэг явдаг. Энэ бол олон арван жилийн турш үр ашгаа өгөхгүй. Улс орны эдийн засгийн чадавхи нэн дорой үед энэ бол асар их мөнгө газар булсан хэрэг мөн. Төрсөн нутагтаа амрах, хот үзэх, тарвага, айраг, мах зөөх гэсэн монгол сэтгэл зүйгээр сая сая доллар зүгээр булж болохгүй л дээ.
5. Ноолуурын салбар мал аж ахуй, мал эмнэлэг, үржил-зоо-техникийн албадыг сэргээж, түүхий эд бэлтгэлийн сүлжээг бий болгосон нөхцөлд эдийн засгийн үр ашгаа өгнө.
6. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол санаа нь зөв боловч буруу аргаар хийж байгаа учраас амжилт олохгүй. Энэ нь төлөвлөлт, эдийн засгийн болон инженерийн ухааны суурь шалтгаантай ба үүнийг жич тайлбарлана.
7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зөвхөн Улаанбаатарын орчим гэхэд орчин үеийн үнээний ферм наад зах нь 50-ыг байгуулж байж шийдэгдэнэ.
8. Өвлийн хүлэмжийн аж ахуйг тодорхой үнэлж мэдэхгүй боловч цахилгаан станцаа барьчихаад ярих ёстой биз. Барьсан орон сууцаа цахилгаанаар хангаж чадахгүй байж хүлэмж халаах ч яамай л асуудал.
9. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5 буюу ноолууртай адил.
10. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Дэмжиж байгаа боловч сурагчийн дүрэмт хувцас шиг юм болбол утгагүй л байна. 11. Байшин үйлдвэрлэх комбинат. Байшин үйлдвэрлэх 2 том комбинатыг яах гэж устгасан юм. Аль хэдийн сэргээх байсан юм…
Эндээс бондын мөнгөний ихэнхийг эдийн засгийн шууд үр ашиг өгөхгүй, үйлдвэрлэлийн бус салбарт, ямар ч системгүй оруулжээ гэсэн ямар ч эргэлзээгүй дүгнэлт гарна. Удаа дараагийн Засгийн Газар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн хачин тэнэг уриа дэвшүүлсэн учраас мөнгө авах гэсэн том, дунд, жижиг компаниудын зодоонд засгийн газар дарагдаж монголын эдийн засгийг сүйрүүлжээ гэсэн дүгнэлт удаалж байна.
Одоо эдийн засгийн хямрал болж байна. Хямрахгүй яадаг юм, ингэж тэнэг идэхээр чинь. Өмнөх хүмүүс идчихсэн гэх яриа бол утгагүй, Та нар хамтарч идсэн, харин одоо бол “ганцаараа” идэж байгаад л ялгаа байгаа…
Таавчик барьсан мангуунууд ийм л юманд хүргэдэг аж. Улс орны эдийн засгийг мэддэг, удирддаг амьтан ганц ч алга юм чинь аргагүй байх…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )