Савлагаатай ч сайн мэдээтэй дэлхийн зах зээл

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Дэлхийн хөрөнгийн захын мэдээллийг харахад ази, европын голлох индексүүд өсөлттэй байгаа бол америкийн S&P 500, Dow jones индексүүд улаанаар тэмдэглэгдэн хаагдсан байна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн мэдээллийг харахад сайн саар зэрэгцэж байгаа. Бараа таваарын захыг авч үзвэл зэсийн ханш буурсан үзүүлэлттэй байна. БНХАУ-ын үйлчилгээний салбарын тоон мэдээ 7-р сард хүлээгдэж байсан үр дүнгээс буурч гарсан нь зэсийн үнэд сөргөөр нөлөөллөө. Долоо хоногийн сүүлээр БНХАУ-ын эдийн засгийн голлох мэдээнүүд сайн гарсан юм. Хөрөнгө оруулагчдын хүлээж байсан гадаад худалдааны мэдээ 7-р сард сайн гарсан бол хэрэглээний үнийн индекс 2.7%-иар , үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнийн индекс оны эхнээс 9.4%-иар өссөн байна. Мөн жижиглэнгийн худалдаа оны эхнээс 12.8%-иар өслөө. Эдгээр мэдээний дараа зэсийн үнэ 3.8%-р өссөн нь сүүлийн 11 сарын хугацаан дахь нэг долоо хоногийн хамгийн том өсөлт болсон байна.

За харин нефтийн ханшийн тухайд ихээхэн савалгаатай байв. Африк тивийн томоохон нөөц эзэмшигч орны нэг Лив улс одоогийн өдөрт олборлож буй 700,000 баррель түүхий нефтийг ирэх сард  800,000 баррель болгоно гэж мэдэгдсэнээс гадна АНУ-ын 7-р сарын аж үйлдвэрийн бус салбарын үйлдэрлэлийн индекс 56 нэгжид хүрсэн нь сүүлийн 5 сарын хамгийн өндөр өсөлт байлаа. Дээрх мэдээлэлүүдтэй холбоотой Лайт түүхий нефть нэг өдөрт 105.20-107.60 ам.долларт хэлбэлзсэн бол Брент түүхий нефть 107.60-109.40 ам.долларын хооронд байлаа.  Лхагва гарагт Холбооны нөөцийн банкны гишүүн ерөнхийлөгч “Charles Evans” тус төвбанкнаас ирэх сарын хурлаараа бонд худалдан авалтанд ямар нэг өөрчлөлт оруулна гэсэн албан ёсны шийдвэр гараагүй мэж мэдэгдсэний дараа Лайт нефть 105.03 ам.долларт, Брент түүхий нефть 107.67 ам.долларт хүрч буурсан бол Баасан гарагт ханшийн ерөнхий хандлага эерэг болж эхэлсэн нь БНХАУ-н үйлдвэрлэлийн гарц 7-р сард өмнөх сараас 9.7 хувь буюу шинжээчдын таамагаас 0.8 нэгж хувиар илүү байсантай холбоотой юм. Энэ өдөр Лайт түүхий нефть 2.26 ам.доллар буюу 2.2 хувиар өсч, 105.66 ам.долларт хүрсэн бол Брент түүхий нефть 1.08 ам.доллароор өсч, 107.76 ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл тус барааны ханш сүүлийн 6 өдөрт анх удаа өссөн дүнтэй арилжаалагдсан байна.

Харин нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлт бага долоо хоног болж өнгөрсөн хэдий ч БНХАУ-н нүүрсний зах зээлд харьцангуй тогтвортой байлаа. Томоохон мужууд болох “Shanxi”, ”Hebei” зэрэг боомтууд дээр нүүрсний үнэ нэг тонн бүр нь 1030-1060 юань буюу өмнөх долоо хоногоос 30 юаний өсөлттэй байлаа. Цаашлаад БНХАУ-н бодлого тодорхойлогчид өөрсдийн экспортыг дэмжих үүднээс эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүд авч хэрэгжүүлэхээр хүлээгдэж буй нь нүүрсний зах зээлд эерэг хандлага дагуулсаар байна.

Тэгвэл алтны ханшийн тухай долоо хоногийн эхний өдрүүдэд шар металлын ханш буурсан үзүүлэлтийг харуулж эхэлсэн бөгөөд энэхүү бууралт нь АНУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүдтэй шууд хамааралтай байлаа. Даваа гарагт АНУ-ын үйлчилгээний салбарын индекс болон аж үйлдвэрийн салбарын тоон мэдээ 7-р сард хүлээгдэж байсан үр дүнгээс сайн гарсан талаар мэдээлсэн байна. Мягмар гарагт Нэгдсэн улсын гадаад худалдааны тэнцэл сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага түвшинд хүрсэн нь сайн мэдээ байлаа. Долоо хоногийн дундаас шинжээчдийн дунд Нэгдсэн улсын эдийн засгийн тоон мэдээнүүд сайн гарч эхэлсэн нь Холбооны нөөцийн банкнаас одоогийн явуулж буй бондын худалдаагаа багасгах талаар яриа гарч эхэлсэн .Мөн БНХАУ-ын гадаад худалдааны тэнцлийн мэдээ гарсан ба импорт 10.9%, экспорт 5.1%-р өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт бол Герман улсын гадаад худалдааны мэдээ байсан ба 16.9 тэрбум еврогийн ашигтай гарсан нь евро бүсийн эдийн засаг сэргэж байгаагийн нэг илрэл боллоо гэсэн байна. Харин АНУ-ын ажлын байрны буюу долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 333,000 гарсан нь өссөн үзүүлэлт боллоо. Эдгээр мэдээний дараа ам.долларын ханш суларч, шар металлын ханш өсч гарсан байна. Долоо хоногийн сүүлийн өдөр шар металлын хаш томоохон өөрчлөлтийг харуулалгүй бага зэргийн өсөлтийг харуулан хаагдсан үзүүлэлттэй байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top