Олон улсын валютын зах зээлийн мэдээг харвал өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилсэн ам.долларын ханшийн сулралт баасан гарагт зогссон нь ирэх долоо хоногт гарах АНУ-ын жижиглэн худалдааны, хэрэглээний үнийн индексийн мэдээнүүд сайн гарна гэсэн хүлээлттэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байв. АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн мэдээнээс улбаатай ам.долларын голлох валютуудын эсрэг ханшийн сулралт 5 өдөр дарааллан үргэлжиллээ. Хятад улсын 7-р сарын гадаад худалдааны мэдээ хүлээгдэж байснаас сайн гарсан нь Австраль долларын ханш 1.2 хувиар чангарахад нөлөөлсөн.
Австраль долларын ам.долларын эсрэг ханш 2 дахь өдрөө дарааллан чангарч, 0.9194-т хүрсэн ба зарим шинжээчид цаашид 0.9300 хүрнэ гэх таамаглалыг хийж байв. Долоо хоногийн турш иений ам.долларын эсрэг ханш 2.7 хувиар чангарсан нь өнгөрсөн 6-р сарын дундаас хойшхи нэг долоо хоногийн хамгийн өндөр өсөлт болсон боловч Ройтерс агентлагийн явуулсан судалдаагаар зах зээлд оролцогчид иений ханшийг цаашид 100-аас дээш гарч арилжаалагдана гэж хүлээсэн хэвээр байгаа гэсэн үр дүн гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )