Газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийг туршлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийн үзүүлэх сургалт Налайх-Багануурын уулзвараас Агуйтын хөтөл хүртэлх 24,1км авто замын шинэчлэлийн ажил хийгдэж буй замд боллоо. Тус үзүүлэх сургалтыг Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсээс санаачлан Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, “Замын битум”ХХК,”Хера экьюпмент”ХХК-иуд хамтран зохион байгуулжээ.

Энэхүү үзүүлэх сургалтаар хүйтнээр дахин боловсруулах арга технологи, түүнд тавигдах техникийн шаардлага, стандарт, ашиглагдах шинэ техник, тоног төхөөрөмжүүд, шинээр туршиж байгаа Duosolid хөрсийг бэхжүүлэх бодисын талаар танилцуулахаас гадна “Замын битум”ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр, сууц, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаа, талбайн ажлын болон лабораторийн хяналтыг хэрхэн гүйцэтгэж байгаа болон хүйтнээр дахин боловсруулах технологийн ажиллагааг газар дээр нь үзүүлсэн арга хэмжээ боллоо.

Энэ жилийн газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийн үзүүлэх сургалт нь урд жилүүдийн үзүүлэх сургалтаас онол практикийн сургалт зэрэг явснаараа онцлог болсон юм. Үзүүлэх сургалтанд зохион байгуулагч ЗТЯ, АЗХЭШСТ, ”Замын битум”ХХК, ”Хера экьюпмент” ХХК-ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдээс гадна Олон улс, улсын чанартай зам хариуцагч 22 авто замын засвар арчлалтын компанийн дарга инженерүүд, Хөгжлийн банкны авто зам хариуцсан мэргэжилтнүүд, зам барилгын гүйцэтгэгч компаниудаас нийт 133 хүн оролцож шинэ технологийн талаар санал бодлоо солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top