Ам.доллар манайд ч, дэлхийд ч чангарав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Монголбанк хамгийн сүүлийн байдлаар 15-ны өдөр банкуудад 16 сая ам.долларыг 1569.20 төгрөгийн хаалтын ханштайгаар, 29.5 сая юанийг 256.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байгаа. Ер нь бол энэ сарын 12-16-ны өдрүүдэд Монголбанкны дуудлага худалдаагаар нийт 42.5 сая ам.доллар, 108.2 сая юань тус тус зах зээлд нийлүүлэгдсэн. Түүнчлэн  ам.доллар, юаний ханшууд харьцангуй тогтворжоод байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотой бэлэн юаний эрэлт өндөр байгаа нь юаний ханшийн өсөлтөөс ажиглагдаж байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм.

Харин олон улсын нөхцөл байдлыг харахад АНУ-ын долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өмнөх долоо хоногоос 15,000-аар буурч, 320,000 болсон ба энэ мэдээний дараа ам.долларын бусад валютуудын эсрэг ханш 8-р сарын хамгийн дээд түвшинд хүрсэн. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй тус улсын Атлантик мужийн үйлдвэрлэлийн идэвхжилийн болон захиалгын индексүүд өмнөх сараас 2 дахин буурсан үзүүлэлт гарсан нь ам.долларын ханш эргээд огцом сулрах шалтгаан болжээ. Зах зээлд оролцогчдын хүлээж байсанчлан АНУ-ын 7-р сарын жижиглэн худалдааны борлуулалт сүүлийн 7 сарын хамгийн өндөр өсөлт буюу 0.5 хувийн өсөлттэй гарлаа. Европын холбооны эдийн засаг 2-р улиралд 0.3 хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн 7 улирлын хугацаанд анхны тохиолдол болсон байна. Тухайлбал Герман улсын ДНБ 0.7 хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн 1 жилийн гаруйн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болсон бол Франц улсын ДНБ-ний өсөлт 0.5 хувь гарсан нь мөн 2011 оны эхнээс хойшхи хамгийн өндөр өсөлт болжээ.

Эдгээр мэдээллүүд еврогийн ханшинд эерэг нөлөө үзүүлж байсан ч АНУ-ын эдийн засгийн мэдээнүүд мөн сайн гарч байгаагийн дээр Холбооны нөөцийн банк 9-р сарын хурлаараа бонд худалдан авалтын хэмжээгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа нь ам.долларын ханш чангарах шалтгаан болж байв. Англи улсын эдийн засаг сэргэж байгаатай холбоотой төв банк нь бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт мөн үүсээд байгаа ба энэ сар гарсаар голлох валютуудын дотроос ам.долларын эсрэг хамгийн өндөр буюу 2.1 хувийн өсөлтийг фунтын ханш үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top