Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7,285.50 ам.доллар байна. Ерөнхийдөө улаан металлын ханш 7 мянган ам.доллар хүрэхгүй хэцүүхэн нөхцөл байдалтай байснаа бодвол боломжийн байна. Өнгөрөгч долоо хоногийн эхний өдөр зэсийн үнэ тогтвортой байсан нь бусад валютын эсрэг чангарч байгаа ам.долларын өсөлттэй холбоотой байлаа. Долоо хоногийн дундуур Евро бүсийн эдийн засгийн тоон мэдээнүүд гарсан бөгөөд Герман улсын ДНБ 2-р улиралд 0.9%-иар, Францын ДНБ 2-р 0.3%-иар өссөн үр дүнг харуулсан бол Их Британийн ажлын байрны мэдээ хүлээгдэж байсан үр дүнгээс сайн гарлаа. Мөн Евробүсийн ДНБ 0.3%-иар өссөн нь шинжээчдийн дунд эерэг уур амьсгал бий болгож зэсийн үнэ өсөх гол шалтгаан боллоо. Долоо хоногийн дундаас зэсийн үнэ чангарч эхэлсэн нь бусад металлын өсөлт болон Нэгдсэн улсын эдийн засгийн тоон мэдээнүүд сайн гарсантай холбон тайлбарлаж байлаа. Мөн дэлхийн зэсийн томоохон олборлогч Чили улсын “Escondida” уурхайн ажилчид ажил хаях талаар мэдээлж эхэлсэн нь зэсийн үнэнд нөлөөлж эхэлсэн. Долоо хоногийн сүүлийн өдөр зэсийн үнэ сүүлийн 10 долоо хоногийн хамгийн өндөр ханшид хүрсэн бөгөөд шинжээчид энэхүү өсөлтийг БНХАУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүд сайн гарсантай холбон тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )