Яагаад илүүдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Сүүлийн саруудын нөхцөл байдалтай харьцуулахад дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш харьцангуй сэргэлттэй байгаа. Гэхдээ энэ оны эхний 7сарын дундаж үнэ 7444,21 ам.доллар/тн-ыг өнгөрөгч оны эхний 7 сарын дундаж үнэ 8020,43  ам.доллар/тн-той харьцуулахад 7,18 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ер нь улаан металлын дэлхийн зах зээл дээрх төлөв ямар байж ирснийг харвал өнгөрөгч онд  зах зээл дээр 340000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-н тооцоолсноор  202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан.

Гэвч 2013 оны эхнээс зэсийн зах зээл дээр илүүдэл үүсч эхэлсэн ба  зэсийн илүүдэл үүсэхэд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Хятадын гаалийн газрын мэдээллээс харахад 2013 оны 2-р сард 681148 тн зэсийн баяжмал импортлосон нь 2013 оны 1-р сарын импортын хэмжээ болох 761098 тн-той харьцуулахад 10,5%-р буурч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,6%-р  нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Перу улс нь 2013 оны 2-р сард 173763 тн зэс Хятад улсад нийлүүлж   энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 141,09%-р нэмэгдэж  гол экспортлогч орон болсон байна. 2013 оны 2-р сараас зэсийн баяжмалын үнэ буурч  эхэлсэн нь Хятадын цагаан сарын баяртай холбоотой байсан бөгөөд хэрэглээ нь мөн зэрэг буурсан. Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын  сүүлчээр  Шанхайн бирж дээр 3%-р,  ЛМБирж дээр 2875 тн-р нэмэгдэж 565350 тн болж байсан нь зэсийн эрэлт сул байгааг үзүүлж байсан.

Сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайжирч Холбооны нөөцийн газар мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаа байдал, мөн Хятад, Европын эдийн засгийн үзүүлэлт бага зэрэг сайжирснаар зэсийн зах зээл дээр эерэг хандлагыг бий болгож ЛМбирж болон Шанхайн бирж дээр 2013 оны 7-р сарын 29-с 8 сарын 2-ны хооронд зэсийн үнэ нэмэгдэж эхэлсэн. Гэвч Хятадын зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа болон ихэнх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл гарч байгаа нь түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Ойрын хугацаанд зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6900-7200 ам.доллар/тн, Шанхайн бирж дээр 8100-8400 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэх хандлагатай байгааг шинжээчид тэмдэглэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top