Монголоо сурталчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас 2013 оны 8 дугаар сарын 25-ны ням гарагт зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээнд ЭСЯ уламжлалт ёсоор оролцов. Энэ удаагийн арга хэмжээнд ЭСЯ-наас гадна МИАТ компанийн Берлин хот дахь салбар оролцож, өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг сурталчлав.

Нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирсэн 3000 гаруй сонирхогчид болон гадаадын 53 улсын ЭСЯ-ны ажилтан, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамт олонд монголын соёл урлаг, ард түмний ахуй амьдрал, Монгол Улсын хөгжил, ололт амжилтуудыг гэрэл зураг, баримтат киноны үзүүлбэр үзүүлж, хэвлэмэл танилцуулга болон бусад сурталчилгааны материал тарааж, тавьсан асуултуудад хариулж байв.

Монголыг сурталчилсан асарт Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ТНБД Х.Ю.Бээрфелтц зочлон ирж, нээлттэй хаалганы өдөрт оролцож байгаа Монгол Улсын ЭСЯ-нд талархалаа илэрхийлэв.

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа нь манай хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чухал тулгуур баганын нэг юм. Энэ оны 5 дугаар сард Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Г.Копп монголд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хамтран "Ашигт малтмал, технологийн дээд сургуулийг монголд байгуулах санамж бичиг"-т гарын үсэг зурсан бөгөөд тус дээд сургууль нь 2013-2014 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа нээхээр ажиллаж байна. Хамтарсан дээд сургууль нь монголын дээд боловсролын салбарт загвар жишиг болохуйц, Европын стандартад нийцсэн, ажил олгогч, төрийн байгууллага болон хувийн хэвшил, бусад түншүүдийн оролцоог хангасан, төрийн өмчийн дээд боловсролын байгууллага болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top