Монгол, Чехийн бизнесмэнүүд уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан Прага хотноо болов.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, нийгмийн хамгаалал болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцсанаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хөгжлийн тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.

Хуралдааны үеэр Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийг Чехийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татах зорилгоор “Монгол, Чехийн бизнес форум”-ыг МҮХАҮТ, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-монголын Худалдааны Танхим, Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд манай 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгч, чехийн бизнесийн хүрээний 70 гаруй төлөөлөгч тус тус оролцов. “Монгол, Чехийн бизнес форумын” хүрээнд хоёр талын бизнессийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Ж. Циенциела болон Бүс нутгийн хөгжлийн сайд Ф.Луклтэй тус тус уулзалт хийв.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үр дүнд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон Протоколыг тохиролцож,  8 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээнд худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон чухал асуудал тусгагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top