Манай улсын хамгийн том станц ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг эн тэргүүнд шинэчлэх шаардлагатай. 1983 оноос хойш улсын эрчим хүчний гол ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсоор байгаа юм.
Иймд IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газар санал боловсруулсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42,5 сая ам.доллар бөгөөд жилийн 0,3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй.
Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасгана, доголдол зогсолтыг бууруулснаар турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг хэмнэнэ. Нийслэлийн эрчим хүчний хангамжийн зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан экологид ээлтэй болгох шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлж, 2017 онд дуусгана.
Эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд 5-7 хувь өснө, цаашид ч энэ өсөлт хадгалагдах хандлагатай байна. Тиймээс одоо ажиллаж буй станцуудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлийг Засгийн газар барьж байна.
Сэтгэгдэл ( 0 )