Улсын Их Хурлын дарга З.Энхболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд ноён Сэр Сума Чакрабартиг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, Монгол Улсад тавтай морилохыг урилаа. Монгол Улс 2006 онд ЕСБХБ-ны Үйл Ажиллагааны орон болсноос хойшхи хугацаанд тус банкнаас 1 тэрбум 150 сая ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг олгосон байна. Түүнчлэн уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агробизнес, ноолуур, жижиглэнгийн худалдаа ба санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нийт 61 төсөлд санхүүжилт олгожээ.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын эдийн засагт цаг зуурын хүндрэл гарч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэдий ч төсвийн орлого бүрдэхээргүй хэмжээнд хүрээгүй гэдгийг хэллээ.Тэрээр 35 мянган ажлын байр бий болчихоод байхад эдийн засгийн хямрал үүслээ гэж байгаатай санал нийлэхгүй байгаа гэдгээ ч дуулгасан. Мөн энэ сарын 16-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхний ээлжинд хөрөнгө оруулалтын шинэ хуулийг батлана хэмээгээд, хуучин хуулиар хөрөнгө оруулагчдыг бид том, жижиг, гадаад, дотоод гэж 4 ангилж байсан, дотоодын хөрөнгө оруулагчид хамгаалалтгүй явсаар ирсэн.Харин шинэ хуулиар яг адилхан эрх эдэлнэ, адилхан хамгаалуулна гэдгийг хэллээ. Түүнчлэн манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэл валютын ханшийн өөрчлөлт, гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төсвийн хүндрэл гурваас шалтгаалж байгаа бөгөөд төсвийн хүндрэл, төсвийн тодотголоор шийдэгдэнэ гэлээ.
Ноён Сэр Сума Чакрабарти хэлэхдээ “Манай ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшил тэр дундаа хөдөө аж ахуйн, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр ирснээ дурдаад, УИХ-ын даргаас Оюутолгой хөрөнгө оруулалт, төслийн талаар сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Сэтгэгдэл ( 0 )