Яг нэг сарын өмнөх эдийн засагчдын прогноз биеллээ олж байна. Учир нь өнөөдөр Монголбанкны ам.долларын зарласан ханш 1,653.72 төгрөг байгаа бол, Хаан банкны ам.долларыг авах ханш 1658 төгрөг байгаа бол, зарах ханш 1678 төгрөг байна. Харин нэг сар шахмын өмнө буюу наймдугаар сарын 7-ны өдөр 1 ам.доллар 1589 монгол төгрөгтэй тэнцэж байсан билээ. Тэгэхээр сарын хугацаанд ийм хэмжээний өсөлтийг ноён доллар бидэнд харуулж байна. Монгол төгрөгийн тогтвортой байдлын төлөө ажиллах учиртай Монголбанк хамгийн сүүлийн байдлаар энэ сарын 3-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 36 сая ам.долларыг банкуудад худалдсан. Ер нь бол дотоодын захад ам.доллар, юаний ханшууд дахин огцом чангарч эхлэх байдал өнгөрсөн долоо хоногт хүчтэй ажиглагдсан. Хэдийгээр төв банк 16 сая ам.доллар, 59 сая юань зах зээлд нийлүүлсэн ч ханшийг тогтворжуулахад хангалтгүй байсныг арилжааны банкуудын зүгээс онцолж байлаа. Түүнчлэн долоо хоногийн сүүлээр ам.долларын арилжааны ханш 1638 төгрөг, юаний арилжааны ханш 269.50 төгрөгт тус тус хүрсэн юм.
Ер нь бол Монголбанк 47 удаагийн интервенц хийж, 830 орчим сая долларыг эргэлтэд оруулсан ч, ханшийн өсөлтийг хазаарлаж дийлэлгүй, энэ хэмжээнд хүргэсэн нь төв банкны валютын зах дахь оролцоо оновчтой бус байна гэж харахад хүргэснийг хэлэх хэрэгтэй юм. Түүнчлэн улам нэмэгдэж байгаа ам.долларын ханшийн өсөлтийг хумихын тулд Монголбанкны интервенцийн тухай мэдээллийг харж, хүлээхээс илүүтэй, эдийн засагт дунд хугацаанд нааштай үр дүн дагуулах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байгааг нөхцөл байдал харуулж байна. Эдийн засагч Д.Жаргалсайхан хэлэхдээ “...валютын дотогшлох урсгалын сааралтаас гадна, Монголбанк оны эхнээс 855 сая долларыг эдийн засагт эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын ханшид нөлөөлж байна гэж байсан. Мөн манай улсын төлбөрийн урсгал дансны алдагдал 1.6 тэрбум ам.доллар, тэрдундаа гадаад худалдааны алдагдал 1 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа нь нөлөөлж байна. Эдийн засагт ДНБ-ий 10 хувьтай тэнцэх ачаалал өндөр байгаа ханшийг чангаруулахад нөлөөлж байгааг хэлж байсан юм. Уг нь Засгийн газар Чингис бонд нэртэй өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум ам.доллар босгосон ч, бондын мөнгөнөөс 200-300 саяыг нь л эдийн засагт оруулж, бусдынх нь зарцуулалт, тэндээс хүртэх өгөөжийн асуудал бүрхэг өнөөдрийг хүрсэн нь одоо энэ ам.долларын ханшийн өсөлтөөс ч харагдаж байна гэсэн зүйлийг хэлж байгаа.
Ямартай ч 9 дүгээр сар гарсаар ханш ийнхүү илүү огцом өсөлтийг үзүүлж байгаа нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор дотоод, гадаадад суралцагчдын төлбөр мөнгөний гүйлгээний урсгал илүү идэвхижсэнтэй нэг талаас холбоотой бизээ. Гэхдээ энэ нь ханшийн өсөлт ингэсгээд намжина гэсэн үг биш. Экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууддаа энэ засгийн газар хэрхэн анхаарал хандуулж байна вэ гэдэг асуудал анхаарал татсаар байна. Манай улсад хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь эрдэс баялгийн салбар луу ирдэг бол нөгөөх стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулсан хуулиас үүдэн эдийн засагт бэрхшээл үүссэн тухай улстөрчид, эдийн засагчид ярьж байгаа. Харин одоо намрын чуулганаар энэ хуульд өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна.
Уг нь хөрөнгө оруулалтын дотогшлох их урсгалыг даган төгрөгийн ханш чангардаг болохыг бид арваннэгэн оны жишээнээс харж болох тухай өгүүлж байсан билээ. Төгрөгийн ханш 2010, 2011 онуудад чангарах чиглэлтэй байсан нь гадны хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн, мөн гадаад худалдаанаас валютаар олох орлого ихэсч байсантай холбоотой байсан юм. Гадны хөрөнгө оруулалт ба экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн ханшийг нь сулруулж байв. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг харахад ам.долларын ханшийн өсөлтийн хурдыг сааруулахын тулд даацтай л арга хэмжээнүүд авах хэрэгтэй гэсэн эдийн засагчдын байр сууриуд илүү жин дарж байна. Хэрэв үгүй бол энэ янзаараа эдийн засагт томоохон хүндрэлүүд үүсэхгүй гэх баталгаа алга байна. Ханшийн өсөлтийг даган шатахууны үнээ барьж дийлэхгүй болвол ямар хямрал үүсч болохыг бид мэднэ шүү дээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 2 )
сданууд зориуд өсгөдөг шдэ арчаагүй ллрууд
ene setgvvlchner zvvsenamitan orovdoltei yum daa hoorhiibidsolioruulaad bgaa yum bishvv