Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирал Л.Ариунболд тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид БНТУ-д ажлын айлчлал хийж, Анкара хот дахь Неру, Тамер зэрэг компанийн ажилтай танилцан, барилгыг богино хугацаанд барихад хэрэглэдэг туннелийн хашмал хэвийн технологи болон бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцлийн талаар тодорхой ярилцав.
Тэд уг технологиор барьж буй барилгын ажлын явцыг үзэж сонирхсон бөгөөд тухайлбал 33 давхар барилгыг 70 хоногт барьж босгож байгаа тухай Түркийн инженерүүд тайлбарлаж танилцуулав.
Монгол шиг дулаан улирал богинотой газар барилгыг хурдан хугацаанд барих технологи нэн чухал хэрэгцээтэй бөгөөд дээрх технологийг нэвтрүүлснээр ялангуяа орон сууцны барилгын нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэх боломжтой болох юм. Мөн уг технологиор барьсан барилга газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болох нь нотлогджээ.
Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ирэх жилээс 2500 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ энэ шинэ технологийг нэвтрүүлэх зорилтыг тавьж, ийнхүү Түркийн талтай хамтран ажиллахаар болов.
Монголын бизнес төлөөлөгчид мөн арьс шир боловсруулж гутал үйлдвэрлэдэг YDS хэмээх томоохон үйлдвэрт зочлов. “Мон-ит булигаар” компанийн гүйцэтгэх захирал М.Равданжамц өөрийн үйлдвэрийн боловсруулсан арьс ширний дээжийг тус үйлдвэрийн хүмүүст үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, технологийн талаар хамтран ажиллах санал тавив. Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний одоо өмсөж байгаа гутлыг тус үйлдвэр хийсэн бөгөөд компанийн ерөнхийлөгч Ведат Якуполу “Мон-ит булигаар” компаниас бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсаас БНТүрк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд, хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүдийн талаар төлөөлөгчдөд ярьж танилцуулан, манай бизнес эрхлэгчид Түркийн түншүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )