Ногоочид Хятадаас хүнсний ногоо импортлохгүй байхыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д энэ 7 хоногт 1105 санал, хүсэлт иржээ. Ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч болон нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна.

Тухайлбал, Ногоочид “11 11” төвд хандан намар болж ургац хураалт эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ-аас хүнсний ногоо импортоор оруулж ирэхгүй байх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Дэлхийн худалдааны байгууллагатай гэрээтэй байдаг учраас шууд импортыг хаах боломжгүй. БНХАУ-аас ногоо орж ирэх нь эрс багассан. Ногоочдоо дэмжин нийслэлийн хэмжээнд 28 цэг гарган төмс, хүнсний ногоог борлуулж байгаа гэсэн хариултыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгчээ.

Мөн Дорнод аймгийн Матад сумын малчид жи мобайлын сүлжээгүй болгох гэж байгаа талаар нилээдгүй холбогджээ. Тус сумыг жи мобайлын сүлжээгүй болгох асуудал яригдаагүй, сүлжээ хэвийн ажиллах болно хэмээн холбогдох байгууллага нь хариулжээ. байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 2013 оны 07 сарын 05-ны өдрийн 70, 74-р тогтоолын талаар иргэд нилээдгүй шүүмжлэл ирүүллээ. Уг тогтоолд усны тоолууртай айлуудын усыг задгайгаар бичин суурь хураамж авна гэж заасныг хууль бус гэж үзэж байна гэж иргэд ханджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top