Шинэ төмөр зам төсөлд хуулийн зөвлөх АНУ-ын “Sidley Austin” компанийн тухай мэдээллийг хүргэе. АНУ-ын “Sidley Austin” фирмийг “Sidley Austin Brown & Wood” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Дэлхий даяар 18 салбартай, 1700 хуульчтай, АНУ-даа зургаад эрэмбэлэгддэг энэ хуулийн фирмийн жилийн орлого нь 1.4 тэрбум ам.доллартай тэнцдэг гэнэ. 2011 онд “US News & World report”-оос “Sidley Austin”-ийг “Оны шилдэг хуулийн фирм”-ээр нэрлэж байсан ба мөн онд орлогоороо дэлхийн хамгийн том 12 хуулийн фирмийн нэгд багтжээ.
Түүгээр зогсохгүй үнэт цаас болон олон улсын худалдааны чиглэлээр ажиллаж байсан байр сууриараа хэд хэдэн удаа дээгүүр эрэмбэлэгдэж байсан аж. Хуулийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг, гэрээ хэлэлцээр болон шүүхийн үйл явцад өргөн туршлагатай “Sidley & Austin” фирмийг Норман Уильямс, Жон Леверетт Томпсон нар 1866 онд Чикаго хотод анх үүсгэн байгуулсан гэдэг. “Sidley & Austin” нь “Brown & Wood” фирмтэй 2001 оны тавдугаар сард нэгдсэнээр “Sidley Austin Brown & Wood” хэмээн нэршиж байжээ.
Тус фирм нь Дээд шүүхийн улирал бүр хэлэлцдэг хэргийн 40 хувьд нь шууд болон шууд бусаар оролцдог аж. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэндхийн хуульчид Дээд шүүхийн 96 хэрэг дээр ажилласан байна. Сонирхуулахад, 2001 оны террорист халдлагаас дөрвөн сарын өмнө “Sidley & Austin”, “Brown & Wood” нэгдсэн бөгөөд тухайн үед Дэлхийн худалдааны төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Энэ халдлагын үеэр тэнд ажиллаж байсан 600 ажилчдаас нэг нь алга болсон гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )