АНУ-ын төсвийн хямрал өрийн хямрал болж хувирч болзошгүй байгаа байдал нь сүүлийн хэдэн долоо хоног дэлхий нийтийн анхааралд байгаа. Хэрэв АНУ-ын Конгресс өрийн хязгаараа нэмэхийг зөвшөөрөхгүй бол АНУ-ын Засгийн газарт төсвийн зардлаа 20 хувиар бууруулах эсвэл бондыг нэрлэсэн үнээр нь буцааж төлөхгүй байх сонголт л үлдэх юм байна. Хөрөнгө оруулагчдад ямар ч асуудал гаргалгүй бондын төлбөрийг хийсэн тохиолдолд төсвийн зарим зардал, ялангуяа нийгмийн даатгалын төлбөрийг хойшлуулахаас өөр аргагүй болно. Хийх ёстой төлбөрөө хийж чадахгүй байна гэдэг санхүүгийн зах зээл дээр нэр хүндээ алдаж, итгэлгүй түнш болж байна гэсэн үг бөгөөд энэ нь АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж, АНУ-ын урт хугацааны бондын хүүг өсгөх магадлалтай. Нөгөө хувилбараар нь Америкийн Засгийн газар авсан зээлээ төлж чадахгүй гэвэл хамгийн найдвартай эрсдэлгүй гэгддэг байсан үнэт цаас энэ нэр хүндээ алдана. Хөрөнгө оруулагчид АНУ-ын бондыг эрсдэлтэй гэж үзээд хөрөнгөө өөр валютаар нэрлэгдсэн үнэт цаасанд байршуулах бөгөөд үүний үр дүнд ам долларын ханш хүчтэй сулрах, бусад валютын ханш чангарах, улмаар ам. доллар тэргүүлэх байр сууриа алдах хүртэл үр дагавартай гэж ОУВС-ын ахлах зөвлөх, Калифорнийн Их сургуулийн професор Б.Айхенгрийн бичжээ. Ам.долларын ханш сулрах нь тус улсын импортод сөргөөр нөлөөлөх ба энэ нь бусад улсуудын экспорт буурна гэсэн үг юм. Аль ч хувилбараар нь авч үзэхэд Америкийн төсвийн зардлыг их хэмжээгээр танах шаардлага гарах бөгөөд энэ нь Дэлхийн санхүүгийн хямралаас арай ядан сэргэж байгаа АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эргээд уналтанд орох эрсдэлийг дагуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )