15-20 мянган тонн буудай хаягдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Одоогийн байдлаар ургац хураалтын ажил 96 хувьтай явагдаж байна. Үүнээс төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургац хураалт бүрэн дууссан, тосны ургамал буудайн хураалт хараахан дуусаагүй байгаа гэлээ. Тодруулбал өнөөдрийн байдлаар 351 тонн буудай, 368 мянган тонн үр тариа, 190 орчим мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 37 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Буудай хураалтын хувьд Увс, Завхан аймгуудын 5-6 га талбайгаас буудай хураан аваад үндсэндээ дуусна гэсэн бол тосны ургамалын ургац хураалт 80 орчим хувьтай байгаа аж.

Энэ жилийн хувьд цаг агаарын байдал төдийлөн сайн байгаагүй нь ургац хураалтын эцсийн дүн мэдээнд сөргөөр нөлөөлнө гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Энэ талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Ургац хураалтын ид ажлын үе буюу ес, аравдугаар сард цаг агаарын гэнэтийн үзэгдэл хэд хэдэн удаа давтагдаж, ялангуяа бороо нойтон цас хоёр ч удаа орсноос хаягдал, хорогдол гарах, малчид тариан талбай руу шахаж орсноос мал тариалгийн талбайд орох гэсэн асуудлууд их гарлаа. Энэ байдал цаашдаа ургац хураалтын эцсийн балансад нөлөөлнө” гэлээ.

Мөн тэрээр дээрх хоёр удаагийн нойтон цасанд 45 мянган га талбай цасанд даруулж эдгээр талбайгаас хураан авах ёстой байсан ургацын 30 орчим хувь нь хаягдсан гэдгийг ч хэлж байлаа. Энэхүү 45 мянган га талбайгаас 70 орчим мянган тонн ургац хураан авах байснаас 70 хувь нь буюу 50 гаруй мянган тонн буудай хураан авчээ. Ингэснээр 15-20 орчим мянган тонн буудай хаягдсан байна.

Уг нь урьдчилсан балансаар манай улсын тариаланчид энэ намар 432.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, тосны 65.2 мянган тонн ургамал, малын тэжээлийн 21 мянган тонн ургамал тус тус хураан авах тооцоо гаргаад байсан юм.

 

Ургац хураалтын эцсийн дүн мэдээ хоёр долоо хоногийн дараа гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top