Манай улсыг АПТА-д элсэхийг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-ийн Байнгын хорооны 42 дугаар хуралдаан Монгол Улсыг тус хэлэлцээрт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

 

Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэйгээр худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулж хожим 2005 онд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” гэж нэрлэх болсон. Өнөөгийн байдлаар Бангладеш, Лаос, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ  АПТА-д гишүүнээр элсээд байна.

 

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын бүс нутгийн хэмжээний худалдааны анхны хэлэлцээр бөгөөд олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэхэд гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнуудын зах зээлд манай экспортын бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй нөхцлөөр гарах боломж нээгдэнэ.

 

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 орчим хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. Хэлэлцээрийн дагуу гишүүн улс импортод хамрагдах нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top